У.Хүрэлсүх: ӨМӨЗО-той нягт хамтран ажиллана
2018.07.05

У.Хүрэлсүх: ӨМӨЗО-той нягт хамтран ажиллана

онгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр тохиролцсон олон төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчлан, Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихөнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа  илэрхийлэв.

Монгол, БНХАУ, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэлээ. Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той нягт хамтран ажиллах шаардлага байгааг тэмдэглэв.

Хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтрах, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр ӨМӨЗО-ны хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг тэмдэглэв.

БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг гэдгийг намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихөн хэллээ. Цаашид аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Хилийн боомтууд, чөлөөт бүс, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ли Жихөн илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.