Ч.Улаан:Сангийн сайд болооч гэвэл би зөвшөөрнө
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2012.01.09

Ч.Улаан:Сангийн сайд болооч гэвэл би зөвшөөрнө

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах болсноо мэдэгдсэнтэй зэрэгцээд зарим сайдын суудалд томилогдох дараагийн хүмүүсийн нэр тодорч эхэлсэн. Тухайлбал Ч.Улаан гишүүн Сангийн сайдад томилогдох магадлал хамгийн өндөртэй байгаа аж. Энэ тал дээр эрхэм гишүүн өөрөө ямар байр суурьтай байгааг нь сонирхсон юм..

-Ардчилсан намын шийдвэрээс болж өнөөгийн Засгийн газар цаашид оршин тогтнож чадах уу гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар хуульд яаж зохицуулсан байдаг юм бол?

Ардчилсан намын гишүүн сайд нар Засгийн газраас гарснаар ямар ч нөлөө засагт орохгүй. Учир нь танхимын бүрэлдэхүүний тэн хагас нь нэг зэрэг өөрчлөгдвөл Засгийн газар солигддог хуультай.

Гэтэл ардчилсан намын гишүүн сайд нарын тоо тэн хагаст нь хүрэхгүй

Тийм болохоор Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ, харин гарсан сайдуудаа нөхөн томилох юм. Ардчилсан засаглалтай оронд Засгийн газар ажлын үр дүн, нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалж уян хатан, хөдөлгөөнтэй байдаг зарчимтай. Энэ жишгээр л явж байна. Тиймээс гайхаж, балмагдаад байх асуудал байхгүй гэж би хувьдаа үзэж байна.

-Гэрээг нэгтал нь дангаар цуцалж болохгүй гэсэн. Гэтэл Засгийн газраас гарах шийдвэрээ Ардчилсан нам бие даан гаргачихлаа?

-Анх эвсэж ажиллахдаа байгуулсан гэрээний биелэлт юу, болов гэвэл өөр хэрэг. Гэрээнд олон зүйлийг тусгасан. Бүрэн эрхийн хугацааг дуустал хамтарч ажиллана гэж байгаа. Тэр ч байтугай эвслээс аль нэг тал  нь дангаараа гарах санаачилга гаргаж болохгүй гэж бий. Монголд гэрээ мөрдөгддөггүй шүү дээ. Соёлтой ертөнцөд гэрээ гэдэг хөрөнгө, мөнгөнөөс үнэ цэнэтэй байдаг. Манайд бол тохиролцоо, Гэрээг дураараа өөрчилдөг. Энэ бол хавтгайрсан жишиг. Энэ утгаараа л явж байна.

-УИХ-ын дэд дарга болон Байнгын хорооны дарга нарын хувьд ямар нэгэн нөлөө үзүүлэх үү?

-Нөлөөлөл байхгүй. Яагаад гэвэл УИХ Засгийн газрыг байгуулдаг. Засгийн газар бол УИХ-ын өөрийнх нь байгуулдаг байгууллага болохоос бүтцийнх биш. Тиймээс парламентын бүтцэд нөлөөлөхгүй гэж бодож байна. Хуулийн дагуу Байнгын хорооны дарга нар нэг жилийн хугацаатай томилогдож ажилладаг. Тэр хугацаа нь дуусаж байгаа. Тийм болохоор Байнгын хороодын дарга нарын асуудал хуулиараа яригдах учиртай.

-Ардчилсан намын шийдвэртэй холбогдуулан Ч.Хүрэлбаатар сайд мэдээлэл хийхдээ Засгийн газрын сайд, агентлагийн дарга, УИХ-ын байгууллагууд гээд улсын хэмжээнд өөрчлөлт, томилгоо, бужигнаан болно гэсэн зүйлийг хэлж байсан?

Өөрчлөлт гарч болзошгүй. Тиймээс бодитойгоор авч үзэх хэрэгтэй. Нэгэнт хамтарч ажиллахаа больж байгаа тул үүнийг дагасан өөрчлөлтүүд гарна шүү дээ. Жишээ нь, Шадар сайдын орон тоо, цаашлаад яамдын дэд сайд гэх мэт. Улс төрийн тохиролцоогоор томилогдсон албан тушаалтнуудын хувьд өөрчлөлт орох нь мэдээж. Нэгэнт Засгийн газрын бүтцэд ийм өөрчлөлт орж байгаа учраас түүнийгээ ухаалгаар, түргэн шийдчих бололцоо гарч байна гэж би харж байна. Нийгэмд илэн далангүй шүүмжлэл бий. Засгийн газрын аппарат том, орон тоо олон, зардал нэмэгдэж байгаа, үүнийг шийдсэн алхам хийгээсэй гэсэн хүлээлт байна. Энэ асуудлыг шийдээд Засгийн газар бүтцийн өөрчлөлтийг бодлогынхоо хүрээнд авч үзэх нь зүйтэй. Ингэсэн тохиолдолд УИХ, Засгийн газар, яам, агентлагууд тэр ч байтугай ЗДТГ, сумдын түвшинд хүртэл бүтцийн өөрчлөлт хийх боломжтой.

-МАН сайд нараа нөхөн томилох асуудал хэзээ яригдах юм бол?

-Эцсийн шийдвэр гараагүй байна. Ардчилсан нам шийдвэрээ Үндэсний зөвлөлдөх хороондоо танилцуулна гээд байгаа биз дээ.

-Гэхдээ намын удирдлагууд нэгдсэн бодлоготой байхад ҮЗХ-ноос эсэргүүцсэн шийдвэр гарахгүй гэсэн таамаг бий?

-Тийм л байх. Соёлтой улс төрийн хүчинд бүх бодлого нэгдмэл явагдах ёстой. Тиймээс дээрх шийдвэр гарах байх. Гэхдээ цаг хугацааны хувьд асуудал байна. ҮЗХ-ны хурлаар яриад, УИХ шийдвэрийг нь албан ёсоор хүлээж авч чөлөөлсний дараа оронд нь томилох асуудал яригдана. Томилгооны асуудал МАН дээр яригдаж эхлээгүй.

-Гэтэл өчигдөр оройноос эхлээд дараагийн сайд нарын нэр тодроод эхэлсэн л дээ. Тухайлбал, таныг Сангайн сайдын албанд очих.гэж байгаа гэсэн мессеж тарсан байна?

-Хүмүүс чөлөөтэй тааварлаж, төсөөлж болно шүү дээ. Манай монголчууд ямар нэгэн зүйлийг урьдчилж тааварлах хоббитой. Тэр дагуу л янз бүрийн яриа гарч байх шиг байна. Ер нь маш хариуцлагатай хугацаа тулчихлаа. Сонгууль болж, дөрвөн жилийнхээ ажлыг дүгнүүлнэ. Дээрээс нь төр засгийн ажил сааталгүй явах учиртай. Тэр тусмаа гүйцэтгэх засаглалын ажил нэг ч хором тасарч болдоггүй. Тиймээс асуудлыг шуурхай шийдвэрлэх нь зөв юм.

-Хэрэв танд Сангийн сайдын албыг санал болговол та хүлээж авахуу?

-Засгийн газарт ажиллаач гэдэг санал ирвэл би хүлээж авна. Яагаад гэвэл хугацаа их давчуу байна. Тиймээс шинэ хүн томилогдоод, хамт олонтойгоо нэг баг болж, сурч дадлагажих хугацаа үлдээгүй. Ажлаа аваад шууд гүйцэтгээд явах хун томилох нь улсын эрх ашигт нийцнэ. Би С.Баярцогтод Сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш 3,4 жилийн хугацаанд Төсвийн байнгын хороо болон УИХ дээр мэргэжлийнхээ дагуу ажилласан. Төсөв санхүүгийн чиглэлийн бодлогын бүх асуудал дээр ажлын хэсгийг нь ахалж байсан. Өөрөөр хэлбэл, надад бүрэн мэдээлэл байна. Мон миний олон жил цуг ажилласан хамт олон тэнд бий. Тиймээс Сангийн сайдын ажлыг хийхэд надад цаг хугацаа алдах, танин мэдэхүйн хүндрэл байхгүй.

-Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө 85 хувьтай биелүүллээ гэсэн. Таны бодлоор энэ тоо хэр бодит вэ?

-Найдаж байна. Гэхдээ үлдэж байгаа зургаан сарын дотор 15 хувийг нь хийх болж байна. Тун богино хугацаанд ажил хийх шаардлага гарч байгаа биз. Миний яриад байгаа хугацаа алдаж болохгүй гэдэг чинь энэ.