Нийслэлийн ойгоос 6100м³ мод бэлтгэнэ
Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэх орон сууцны асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдхүүнийг батлах тухай, Нийслэлийн ойгоос 2018 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.
"Ойн тухай хууль"-ийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт орших ойн сангаас түймэр, хортон шавьж, өвчинд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон модыг цэвэрлэх, ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах зорилгоор жил бүр тодорхой хэмжээний унанги мод, гишүү мөчрийг цэвэрлэдэг байна. Тиймээс ойн төлөв байдлыг сайжруулах, ойн байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилгоор 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сангаас бэлтгэх модны хэмжээг 6100м³ байхаар баталлаа. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
Замын ачааллыг бууруулах зорилгоор олон нийтийн цагдаагийн ажилтан ажилууллахаар болов
Зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний улмаас учрах хохирлын нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо, хатуу хучилттай авто замын урт зайлшгүй нөлөөлдөг юм байна. Манай улсын хувьд 2010 онд 650 мянга орчим жолооч, 286 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2017 оны байдлаар жолоочийн тоо 1 сая 200 мянга орчим буюу 1,8 дахин, тээврийн хэрэгслийн тоо 3,1 дахин нэмэгджээ.
Харин гэмт хэрэг, ослын тоо 2014 оноос эхлэн буурах төлөв ажиглагдаж байна. 2018 оны эхний 6 сарын байдлаар нийслэлд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 24,7 хувиар буурсан бол нас барсан хүний тоо өмнөх оноос 28,1 хувиар өсч, гэмтсэн хүний тоо 19 хувиар тус тус буурсан статистик байна. Тэгвэл нийслэлд 555 замын цагдаагийн эрх бүхий ажилтан байгаа нь шаардлагатай орон тооноос 2,6 дахин бага буюу нэг алба хаагч 3 хүний ажил үүргийг гүйцэтгэж байна. Зөвхөн нийслэлд 1450 замын цагдаагийн алба хаагч ажиллах шаардлагатай байгаа гэж холбогдох албаныхан хэллээ.
Сүүлийн жилүүдэд хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн хяналт тавих боломжгүй байдлыг үүсгэсэн. Тиймээс хичээл, сургууль цуглах ачаалалтай үеийг жигдэртэл Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах чиглэлээр энэ сараас 10-р сарын нэгний өдрийг хүртэл 28 олон нийтийн цагдаа ажилуулахаар боллоо.
НИТХ ХМОНХТ