“Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх өргөн боломж байна”
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Япон Улсын Шизуока мужийн Засаг дарга Кавакацү Хэита тэргүүтэй албаны хүмүүсийг өнөөдөр (2018.07.31) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад Шизуока мужийн Засаг дарга Кавакацү Хэитад талархал илэрхийлэв.
2014 оны тавдугаар сард Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам (одоогийн ХХААХҮЯ) Шизуока муж хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байдаг. Уг санамж бичгийн хүрээнд хоёр талын бизнесийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой "Бизнес форум"-ыг зохион байгуулж, тус улсад газар тариалангийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулж байна.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Японы талд уламжлаад, Дорноговь, Сэлэнгэ аймгуудад гурвалжин будаа тариалах ажлаа үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх зэргээр хамтран ажиллах өргөн боломж байгааг цохон тэмдэглэлээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, онол, дадлага хосолсон мэргэшүүлэх сургалтад хамруулах суралцагсадын тоог нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов.
Уулзалтын төгсгөлд, талууд 2019 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх тал дээр санал нэгдсэн юм.