2018.08.23
Ц.Даваасүрэн: “Азийн супер сүлжээ” төслийг амжилттай хэрэгжүүлбэл Ази руу эрчим хүч экспортолно
Эрчим хүч, БОАЖ-ын яамны дэмжлэгээр БНСУ-ын байгууллагуудтай хамтран манай улсад анх удаа зохион байгуулж буй “Ази номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний наймдугаар форум” МУИС-д болж байна.
Хоёр хоног үргэлжлэх тус форумын үеэр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлвийг хэлэлцэж, цахилгааны хэмнэлт, хадгалалтын системийг нэвтрүүлэх, “Азийн супер сүлжээ”-г байгуулах чиглэлээр санал солилцож байна.
Монгол Улсын хувьд байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ Азийн бусад орон руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулж нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
“Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд маш олон бэрхшээл тулгардаг. Өнөөдөр бид эдгээр асуудлыг хэлэлцэж, олон улстай туршлага солилцож байгаа нь сайшаалтай. Манай улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Азийн супер сүлжээ” төслийг олон улстай хамтарч хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ. Уг төсөл амжилттай хэрэгжвэл манай улс эрчим хүчний нөөцөө зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой” гэв.
Форумд Монгол Улс, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Шриланк, Ирак, Япон, Бутан зэрэг зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, эрдэмтэн судлаачид, гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцож байна.