Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав
2018.08.23

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 8 дугаар сарын 17-20-ний өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсад албан ёсоор айлчлав.
 
            Монгол, Люксембургийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөгжлийн албан ёсны тусламжийн төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ айлчлалын үндсэн зорилго байв.
 
            Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Люксембургийн Их Гүнт Улсын Хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн асуудал эрхэлсэн сайд Роман Шнайдэртэй 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Люксембург хотноо уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцаж, Люксембургийн Засгийн газраас 2001 оноос хойш манай улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламж нь Монгол Улсын эрүүл мэнд, санхүү банкны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
 
            Манай эрүүл мэндийн салбарт “Зүрх судасны үндэсний төв” байгуулах  төслийг Люксембургийн Засгийн газрын дэмжлэг тусламжтайгаар амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ төслийг цаашид үргэлжлүүлэх талаар хэлэлцэн тохиролцсон нь айлчлалын чухал үр дүн боллоо.
 
            Д.Сарангэрэл сайд Люксембургийн “Зүрх судасны төв”-д зочлон, тус төвийн үйл ажиллагаа, тэргүүний техник технологи, эрүүл мэндийн үйлчилгээний зохион байгуулалттай танилцав. Люксембургийн “Зүрх судасны төв”-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсын Шастиний нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төвтэй сүүлийн арав гаруй жил тогтвортой хамтын ажиллагаа хөгжүүлж, манай эмч, мэргэжилтэн нарийг сурган мэргэшүүлэх, алсагдсан сум, орон нутагт зүрх судасны өвчлөлийн чиглэлээр нарийн мэргэжлийн зөвлөлгөө өгөх зэргээр эрүүл мэндийн салбарын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэхэд туслан хамтран ажиллаж байна.
 
            Люксембургийн Их Гүнт Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түншүүдийн нэг бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжихэд анхнаас нь тууштай дэмжиж ирсэн. Люксембургийн Их Гүнт Улс нь хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо шинэчилж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1 хүртэл хувийг энэ зорилгод зарцуулж байгаа үзүүлтээрээ дэлхийд тэргүүлж буй хөгжингүй орнуудын нэг юм.