2010.06.30

Хилсээр шийтгүүлсэн хүмүүсийг цагаатгахыг шаардлаа

Нийслэлийн АН-аас 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав болон УИХ, Засгийн газарт хэд хэдэн заалт бүхий шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. 2008 онд болсон УИХ-ын сонгуулийн дүнг МАХН луйвардсан хэмээн ард түмэн үзэж "Луйвардуулсан саналаа Ху намаас авъя" уриан дор нэгдэн МАХН-ын төв байрны үүдэнд улс төрийн шаардлага тавьж тайван жагсаал хийгчдийг цэрэг цагдаагийн хүчээр албадан тараахдаа хүний эрхийг зөрчсөн болохыг Хүний эрхийн комисс 2010 оны хуралдаанаараа албан ёсоор тогтоосон байна.

Тайван жагсаал үймээн самуун болон хувирч иргэд МАХН-ын байр руу халдаж, галдан шатаасан нь хүчний байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Жагсаалд оролцогчдоос 700 гаруй хүнийг баривчлан саатуулснаас 300 гаруйг хилсдүүлэн таван сараас таван жилийн хорих ял ногдуулсан. Энэ нь Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хүний эрхийн бусад актуудыг зөрчиж байгаа бөгөөд өнөөг хүртэл хэргийг нуун дарагдуулж, гэмт этгээдүүдийг хаацайлж, мартагнуулж байгаатай эвлэрч чадахгүй гэдгээ нийслэлийн АН-ынхан мэдэгдлээ. Шийтгүүлсэн иргэдийг цагаатгаж, нөхөн олговор олгох эрх зүйн орчин бүрдүүлэхийг шаардлагадаа дурдсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.