Япон машинтай хүн бүрт зориулав
Хөгжим бол гайхамшиг. Гэвч энэ гайхамшгийг мэдрэх боломж Япон машинтай надад дутсан юм. Түгжрэл дунд явж байхад, орой харихдаа хөгжим сонсохыг хүсэхгүй хэн байх билээ. Ялангуяа AUX оролт гарч ирсний дараа гар утсан дээрх дуугаа сонсох илүү хялбар болсон.
Гэвч машин маань 2003 оных учраас AUX оролт байхгүй. AUX-тай хөгжим авъя гэхээр Хятад хөгжим нь насгүй. Сайн хөгжим нь үнэтэй. Тийм болохоор машиндаа байгаа Хурд хамтлагийн кассетыг сонссоор байгаад бүх дууг нь чээжилчихсэн.
Үүний дараа түүнийг Харвардын Ц.Байгалмаа гэх болсон аж
Улаанбаатар хотын хэмжээнд 400 гаруй мянган автомашин байгаагаас 50 орчим хувь нь Японоос орж ирсэн машинууд. Бүгд чанартай, үйлдвэрийн хөгжимтэй. Гэвч манайд долгион барьдаггүй.
Энэ удаагийн Гарааны бизнес буланд бид “Монгол хөгжим М-1” бүтээгдэхүүнийг онцолж байна. Хөгжмийг бүтээсэн бүсгүйтэй танилцаж, хөгжмийнх нь талаар олон зүйлийг олж мэдлээ.
“Эгч нь Японд байхдаа Prius 11 унадаг байлаа. Машиныхаа хойд хэсэгт CD тоглуулагч суулгуулсан юм” гэж бид хоёрын яриа эхлэв. Түүнийг доктор Ц.Байгалмаа гэдэг. Японы Токиогийн их сургуулийг Электроникийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, дараа нь магистр, докторын зэргээ Анагаахын инженерчлэлийн чиглэлээр хамгаалжээ. Үүний дараа түүнийг Харвардын Ц.Байгалмаа гэх болсон аж.
Учир нь тэрээр 2007-2009 оны хооронд Харвардын их сургуульд хоёр жил багшилжээ. Харвардын судалгааны ажилд оролцож, шулуун гэдэсний хорт хавдрыг оношлох автомат төхөөрөмж бүтээх ажил хийж, Анагаахын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан энэ эмэгтэй хөгжим бүтээсэн гэдэг нь хачирхалтай.
Ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн газар гарч ирснээр Харвардад судалгааны түвшинд явж байсан хөтөлбөр нь үндэсний хэмжээний төсөл болж өргөжсөн гэхээр бахархмаар. Тэрээр 2009 оныг хүртэл Харвардад ажиллаж байгаад бие давхар болсон учраас эх орондоо эргэн иржээ.
Монгол хөгжим М-1-ийн ажиллах үндсэн зарчим нь хувиргагчтай ойролцоо
Тухайн үед замын түгжрэл аймшигтай хэмжээнд хүрч, машиндаа өнгөрүүлэх хугацаа уртсаж эхэлснээр түүнд хөгжмийн асуудлыг хэрхэн шийдэх тухай санаа анх төрсөн гэдэг. Японд байхдаа унаж байсан машиных нь хөгжим, CD тоглуулагчтайгаа экрантай утсаар холбогдсон байжээ.
Экрантай утас гэдэг нь гадуураа зэс утсаар ороосон, бүрээстэй утас бөгөөд гол давуу тал нь гаднаас долгион хүлээж авдаггүй, гадагшаа долгион алддаггүй утас юм. Ингээд долгион алддаггүй, авдаггүй утсаар холбож машины хөгжмийн асуудлыг шийдэхээр ажилдаа орсон аж.
Хэрэв та Япон тэрэг унадаг бол яг энэ асуудалтай өдөр бүр тулгардаг биз ээ. Радио хүлээн авахгүй учраас бид машин авсныхаа дараа Хятадаас орж ирсэн “Converter” буюу хувиргагч гээд жижигхэн зүйлийг авч машиндаа суурилуулдаг.
Үүний “ачаар” долгион барьдаггүй байсан хөгжим бүүр түүрхэн радио сонсох боломжтой болно. Харамсалтай нь түгжрэл дунд явж байхад бусдын долгионыг булаацалдах, эсвэл бусдын долгионд дээрэлхүүлсний улмаас чихэнд чийртэй, жирэлзсэн чимээ хөгжмөөр явж эхэлдэг.
Доктор Ц.Байгалмаа
Япон автомашины долгион хүлээн авах давтамжийн хэлбэлзэл нь 76-90 MHz байдаг бол Монголд 87-108 MHz байдаг. Хятад хувиргагч төхөөрөмж нь Япон хөгжмийн хэлбэлзэл дээр 20 орчим MHz-ийн давтамжийг хүчээр нэмдэг бөгөөд үүнийг техникийн хэлээр хортой хольц гэж нэрлэдэг аж.
Монгол хөгжим М-1-ийн ажиллах үндсэн зарчим нь хувиргагчтай ойролцоо. Машины антенд холбогдоно. Хөгжим рүү холбогдоно. Асаагуураас тэжээл авна. Харин машины хөгжимтэй холбогдохдоо экрантай утсаар залгана.
ТАНЫ МАШИНЫ ХӨГЖИМ 76.9 ДЭЭР БАЙХ ЁСТОЙ
Ц.Байгалмаа хөгжмийн үндсэн хавтан дээрх чипийг өөрөө програмчилж, монгол залуустай хамтран бүтээжээ. Харин хөгжмийн их биеийг БНХАУ-д захиалан хийлгэдэг. Үйлдвэрлэл нь хамгийн хямд төсөр үнэтэй төдийгүй, овор хэмжээ багатай зүйлд замын зардал харьцангуй бага учраас ийнхүү урд хөршид үйлдвэрлэж байгаа аж.
Үндсэндээ энэ төхөөрөмж хувиргагчаас чанартай, хөгжмөөс хямд үнэтэй
Хөгжим зөвхөн радиогоор дуусахгүй. Учир нь бүтээж байхдаа явцдаа TF карт, Flash диск уншдаг байх хэрэгтэй болохыг ойлгож, сүүлд нь AUX оролт нэмэхээр шийджээ. Ингээд Монгол хөгжим М-1 хаана ч байхгүй үнээр, хүн бүрийн хүсдэг зүйлсийг өөртөө агуулж чадсан юм.
Судалгааны явцад ижил төстэй бүтээгдэхүүн гаднын зах зээл дээр байгааг олж мэдсэн хэдий ч үнийн хувьд 80-100 ам.доллар учир нэг мөр шинэ хөгжим авсан нь дээр болохоор Монголдоо хөгжим үйлдвэрлэхээр болсон аж.
- Доктор Ц.Байгалмаагийн төрсөн дүү MGLB ХХК-ийн захирал Ц.Бат-Амгалан хөгжмийг суурилуулж үзүүлсэн юм -
Эхний загвар өнгөрсөн жилийн хавар худалдаанд гарч 200 гаруй хэрэглэгчтэй болсон байна. Өвлийн улиралд борлуулалтын ажлаа түр зогсоож, одоо дахин худалдаанд гаргаж эхэлж байгаа бөгөөд суурилуулахад 15-30 минут байхад л хангалттай.
Түрүүн дурдсанчлан Монголын радио долгионы хэлбэлзэл болох 87-108 MHz-ийн давтамжийг энэ төхөөрөмж хүлээн авч, буцаагаад экрантай утсаар машины үндсэн хөгжим рүү дамжуулна. Ингэхдээ машины хөгжмийг 76,9 MHz дээр тааруулах бөгөөд дахин өөрчлөх шаардлагагүй.
Харин Монгол хөгжим төхөөрөмжийн давтамжийг хүссэнээр сольж, AUX, Flash алийг нь сонсохоо хэрэглэгч өөрөө сонгоно. Үндсэндээ энэ төхөөрөмж хувиргагчаас чанартай, хөгжмөөс хямд үнэтэй.