2011.01.11

С.Эрдэнэ: Хэн нэгний бэлдсэн мэдээллийг олон нийтэд хүргэх нь төрийн бодлогыг зориудаар нууж байгаа хэрэг

-УИХ-д дарга байхгүй, хэн ч давуу эрхээр дангаараа мэдээлэл өгөх эрхгүй-

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэвлэлийнхний мэдээлэл олж авах эрхийг зөрчсөн хоёр заалт оруулж өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аар баталсан билээ. УИХ-ын мэргэжлийн байнгын хороодыг хаалттай хуралдуулж байх, сэтгүүлчдийг ажилласан жил, мэргэжлийн ур чадварыг нь харгалзан нэгд-сэн чуулган сурвалжлах эрх олгох тухай дээрх хуульд заасан юм. Парламентын сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг хаасан энэ заалтыг хуулиас хасахаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Э.Мөнх-Очир нарын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлтөөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж өчигдөр өргөн барив. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

-Сүүлийн хэдэн өдөр хэвлэлийнхэн болоод олон нийтийн анхааралд байгаа хуулийг өөрчлөхөөр та бүхэн хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар тодруулна уу?

-Хэвлэл, мэдээллийн байгууллагынхны тавьж байгаа шаардлага, баталсан хууль Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг судалж үзлээ. Үүнээс харахад Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байж болзошгүй нь харагдсан. Тухайлбал, хэвлэл мэдээллийн ажилтнуудад тодорхой шаардлага тавьж, тэдний эрэн сурвалжлах, мэдээлэл олж авах эрхэд хязгаарлалт тавьж байгаа нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэнийг гарал үүсэл, үзэл бодол, мэргэжлээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ болон төрийн ажил шаардлагатай бол хаалттай хуралддаг. Харин бусад бүх үйл ажиллагаа нээлттэй байх ёстой. УИХ-аар баталж байгаа хууль, тогтоомж, шийдвэрүүдийн төслийн талаар гишүүдийн гол маргаан мэтгэлцээн, байр суурь байнгын хорооны хуралдаан дээр гардаг. Нэгдсэн чуулган дээр тэр бүр мэтгэлцдэггүй. Гишүүдийн асуудалд хандаж байгаа оролцоог олон түмэнд хүргэж байгаа хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарласан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шууд халдаж байгаа гэж ойлгож байна. Мөн төрийн үйл ажиллагаа нээлттэй байх зарчмыг зөрчиж байна. Монголын төр ардчилсан юм бол бүх зүйл нь олон түмэнд нээлттэй, ил тод тунгалаг байх ёстой. Энэ зарчмаа болиод ардчиллаас нэг алхам ухарч байгаа хуулийн заалт болсон гэж үзэж байгаа бидний хэдэн гишүүн хуулийн төсөл өргөн барьж байгаа юм. Алдааг бага дээр нь засаж, залруулах нь УИХ-ын хүлээсэн үүргийн нэг.

-Байнгын хороодын хуралдаан нээлттэй байхёстой гэдэг заалтыг ямар хувилбараар хуулийн төсөлд оруулж байгаа вэ?

-Дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд бэлдсэн тусгай өрөөнд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхаар заасан. Нэгхэв маягийн мэдээллээр хангах асуудал байж болохгүй. Байнгын хороодын үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй л байх ёстой. Хэвлэл мэдээллээр сонгогч олон түмэнд очиж байгаа мэдээлэл хэдий чинээ нээлттэй байна төдий чинээ үнэн зөв, ил тод очих ёстой. Түүнээс хэн нэгний бэлдсэн, найруулсан мэдээллийг олон түмэнд хүргэх нь төрийн бодлогыг зориудаар нууж байгаа хэрэг. Зориудаар зохион байгуулсан мэдээлэл худал хуурмаг байдаг. Бодит зүйлийг байгаагаар нь сурвалжилж хүргэнэ гэдэг сонгогч олон түмэнд гишүүдийн оролцоо, байр суурь шууд очно. Төр ард түмнийг холбож байгаа зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Төр хэвлэлийн амыг боогоод оролцоог хязгаарлана гэдэг төр ард түмний хоорондын харилцааг тэр хэмжээгээр байхгүй болгож байна гэсэн үг.

-Байнгын хорооны хуралдаан дээр хуулийн төслийг тараагаагүйгээс баталсан хуулийн талаар гишүүд мэдээгүй гэсэн. Хууль батлагдсаны дараа эсрэг зүйл яриад байна гэж УИХ-ын дарга шүүмжилж байсан. Таны хувьд?

-Надад энэ хуулийн төсөл ирээгүй. Би ажлын хэсэгт ороогүй учраас сайн мэдэхгүй байна. Тухайн өдрийн хуралдаан дээр чөлөөтэй байсан учраас оролцож чадаагүй. Хуулийн талаар юу яригдсан тухай надад тодорхой мэдээлэл байхгүй. Хариуцлага, үүрэг хүлээж байгаа хүмүүс асуудалд дарга гэдэг байр сууриас хандаад байна. УИХ-д дарга байхгүй. УИХ өөрөө 76 гишүүнтэй. Гишүүд бүгд тэгш эрхтэй. Түүнд ямар нэгэн дарга байхгүй. Өөрсдийгөө дарга гээд ойлгочихсон, илүү эрх мэдэл төвлөрүүлэх сонирхол бий болгочихсон. Энэ үүднээс асуудалд хандаад байна. Байнгын хорооны дарга яахаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөх ёстой юм бэ. Түүнд давуу эрх хуулиар хэн олгосон юм бэ. Хэн ч олгоогүй шүү дээ. Нэгэнт хуулиар олгоогүй эрхийг хуралдааныг хаалттай болгож байж мэдээлэл хийх гээд байна. Бүлгийн хуралдааныг хаалттай болгоод бүлгийн дарга л мэдээлэл өгдөг болсон. Түүгээрээ давуу эрх эдэлдэг. Түүнтэй адил байнгын хороодын дарга нар ч гэсэн хаалттай болгож байгаад дангаараа мэдээлэл өгөх эрхийг олж авах зорилготой гэж харж байна. Энэ нь шударга бус. 76 гишүүний төрийн ажилд оролцох оролцоо адил тэгш байх ёстой

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.