Орон нутгийн оюутнууд анх удаа аймгаасаа тэтгэлэг хүртжээ
2018.09.12

Орон нутгийн оюутнууд анх удаа аймгаасаа тэтгэлэг хүртжээ

Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит хоёр дахь удаагийн оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт тэнцсэн оюутнууд батламжаа гарджээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн М.Билэгт, аймгийн ИТХ-ын дарга Г.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар оюутнуудад батламжийг нь гардуулсан байна.

Монгол Улсын хэмжээнд анх удаа Баянхонгор аймаг санаачлан орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд  хөшүүрэг болох, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг  урамшуулах, дэмжих зорилгоор энэхүү тэтгэлгийг зарлажээ. Тэтгэлэгт амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан, нэр бүхий 14 их, дээд сургуулийн орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууд хамрагджээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 800 мянга, нэг сая 300 мянга, хоёр сая төгрөг гэсэн шатлалаар оюутнуудад тэтгэлэг олгосныг дуулгаад сурлагын амжилтаа ахиулж чадвал тэтгэлгийн хэмжээгээ дөрвөн жилийн туршид ахиулах боломж байгааг хэллээ. Энэхүү тэтгэлэгт 143 оюутан хамрагдаж нийт 200 сая төгрөгийн тэгтгэлэг хүртэж байгаа юм байна.

Орон нутгийн оюутнууд анх удаа аймгаасаа тэтгэлэг хүртжээ