Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эко хотхон байгуулна
2018.09.13

Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эко хотхон байгуулна

БНСУ-ын буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт “Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эко хотхон” байгуулах төслийн нээлт өчигдөр/2018.09.12/  боллоо.

Төслийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам, Солонгосын аж үйлдвэрийн хөгжлийн төвийн төслийн захирал Жон Жэ Хаг, БНСУ-ын Өмнөд бүс Эрчим хүчний компанийн захирал Гён Мён Сог,  Монгол дах Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Ру Жун Ён, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ц.Цэрэн болон Налайх дүүргийн удирдлагууд оролцов.

Налайх дүүрэгт баригдах сэргээгдэх эрчим хүчний уг төсөл нь  400 киловаттын хүчин чадалтай, 4.6 сая ам долларын өртөгтэй, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар баригдаж, 2019 оны нэгдүгээр улиралд багтаж ашиглалд орохоор төлөвлөгдсөн байна.

Монгол орны хувьд эрс тэрс уур амьсгалтай учраас салхин болон нарны эрчим хүчийг хослуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг  уг төслийг хэрэгжүүлэгч Солонгос компанийн инженерүүд яриандаа онцолж байлаа.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд Налайх дах нүүрний уурхайн олборлолтоос шалтгаалан ухаж сүйтгэгдсэн  газрыг нөхөн сэргээн, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байрлуулан ажиллуулах юм байна. Цаашид дүүрэг болгонд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурьдлаа.