Хэнтийн Биндэрт “Их Хуралдай” орд өргөө цогцолбор барина
Энэ сарын 26-ны өдөр Хэнтийн аймгийн Биндэр суманд Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын барилгын ажлын шав тавих ёслол болжээ.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УГЗ, уран сийлбэрч Д.Төртогтох, Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын төслийн багийн удирдагч Н.Батбаяр, Төслийн гүйцэтгэгч “Мөнх өргөө” ХХК-ийн захирал Б.Батхишигт нар болон нутгийн иргэд оролцсон байна.
Энэ жил Хэнтийн аймгийн Биндэр суманд “Хүлэг боорчи-андлалын өргөө” түүхэн аялал жуулчлалын цогцолборын шав тавих ёслол өнгөрсөн тавдугаар сард болсон бол энэ удаа Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын шавийг тавилаа. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хоёр дахь томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэллээ.
Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборыг бүтээн байгуулахад хоёр тэрбум орчим зарцуулагдах юм байна. Цогцолборын гүйцэтгэгч компаниар “Мөнх өргөө” ХХК ажиллаж, 2019 онд багтаан дуусгах юм байна. Хэнтий аймгийн Биндэр суманд 1206 онд Их Эзэн Чингис хаан “Их Хуралдай”-г зарлаж, Их Монгол улсыг тунхаглаж байсан түүхэн дурсгалт газруудын нэг гэдгээрээ гадаадыг болон дотоодын жуулчдын анхаарлыг татдаг газар юм.
П.УРНАА