Боловсролын системийг тогтвортой хөгжүүлэх урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулна
2018.09.19

Боловсролын системийг тогтвортой хөгжүүлэх урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулна

Японы боловсролын системийг Монгол Улсад нэвтрүүлж буй нэгэн сургууль бол "Шинэ Монгол эрдмийн хүрээлэн". Тус хүрээлэн нь "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль, Косэн буюу техник инженерийн коллеж, NMIT буюу технологийн дээд сургууль гэсэн гурван сургуулиас бүрддэг ажээ.

Өнөөдөр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тус сургуулийн захирал Ж.Галбадрах болон сургуулийн зөвлөх, профессор Сүзүки Шиничи, профессор Мизухара Кацүтоши нарыг хүлээн авч уулзлаа.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Япон Улсын сургалтын туршлага нэвтэрч, Монгол хүүхдүүдэд Япон боловсролыг олгох болсонд тун их талархаж байна. Дан ганц тухайн сургуулийн хүүхдүүд суралцаад зогсохгүй орон даяар нэвтрүүлбэл илүү хүртээмжтэй болов уу. Тиймээс энэ тал дээр анхааран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн тус сургуулийг төгсөгчид дараагийн шатны мэдлэгээ олж авах нь маш чухал. Японы соёл, боловсрол, ноу хауг суралцах нь илүү үр дүнтэй юм. Монгол Улсын боловсролын салбар шилжилтийн үеэ даван туулж, тогтворгүй байдлаас одоо гарч байна. Япончууд ч ийм замыг туулж давсан нь гарцаагүй. Тиймээс тогтвортой байдал бий болгох туршлага, арга замд чиглүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэж хэллээ.

Профессор Мизухара Кацүтоши “Шинэ Монгол сургуультай хамтран Япон боловсрол, соёлыг түгээж байгаадаа туйлын их баяртай байна. Сургалтын үйл явц ямар байгаа, хүүхдүүд ямар боловсрол олж авсан нь ирээдүйд харагдаж, үр дүн нь гарна. Бидний хамгийн гол зорилго бол Монгол Улсын хэмжээнд загвар болох хэмжээний сургууль бий болгох явдал. Ингэхийн тулд яамны дэмжлэг туслалцаа ч чухал. Өнөөдөр Монгол Улсын боловсролын тогтолцоо шиг замыг Япончууд ч туулж ирсэн түүхтэй. Тиймээс өөрсдийн туршлагаас бас хуваалцаж, тогтвортой байдал бий болгоход чадах чинээгээрээ тусална” гэдгээ илэрхийллээ.

Боловсролын системийг тогтвортой хөгжүүлэх 5-10 жил түүнээс урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах ажил эхлэхээр болж байгаа юм байна. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахаар олон улсын Жайка байгууллагатай хамтрахаар болжээ. Уг хөтөлбөрийг боловсруулах ажилд өөрийн хувь нэмрээ оруулах талаар профессор Мизухара Кацүтошид санал тавихад хүлээн авсан юм. Тиймээс Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт энэхүү хүсэлтээ уламжилж албан бичиг илгээхээр боллоо.