Шивээхүрэн боомтын нүүрсний тээвэрлэлт 3.2 хувиар өсжээ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үеэрээ аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөтгөх, нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Мөн хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцсан юм. Харин есдүгээр сарын 16-нд тэрбээр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллалаа.
Шивээхүрэн боомтод ажилласныхаа дараа тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сэхэ боомтын орох, гарах талын 4 гарцаар нэвтэрч буй нүүрс тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хүлээлгийн талбай, Олон улсын чанарын хяналтын төв, Хүүхдийн цэцэрлэг, худалдааны зах, мах боловсруулах болон хөргөх үйлдвэртэй танилцлаа.
Энэ үеэрээ Өвөр Монголын Альшаа аймаг болон Сэхэ боомтын удирдлагуудтай уулзаж, Шивээхүрэн-Сэхэ боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Сэхэ боомтод гарах, орох гарцыг нэмэгдүүлэх ажил ид хийгдэж буй бөгөөд ирэх сарын эхээр боомтын хүчин чадал нэмэгдэх боломжтой болно гэдгийг тус боомтын дарга тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.