У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод илгээлт хүргүүллээ.
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний оролцогч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын суурин төлөөлөгч, хамтран ажилласан төрийн байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье.
Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт, Засгийн газар болон төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны шинэ хуулийг чанд мөрдлөг болгох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Төрийн байгууллагын хөшүүн хойрго үйлчилгээ, албан хаагчийн чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй байдал иргэдийн тэвчээрийг барж байгааг та бид мэдэрч мэдэж байна. Энэ байдлыг өөрчлөхийг нийгэм шаардаж байна. Энэ бол боломжгүй эсвэл бололцооноос давсан зүйл биш. Харин ч эрүүл, зүй ёсны шаардлага мөн.
Төрд тавих нийгмийн хяналт, шударга ёсны төлөөх иргэдийн шаардлага цаашдаа ч нэмэгдэнэ. Эерэг талаас нь харвал, энэ нь нийгэм эрүүлжиж, төр цэвэршихийн дохио.
Тиймээс манай Засгийн газар эхнээсээ л сахилга хариуцлагыг шаардсан. Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохыг хичээж байна. Удаан жил ужгирсан, бугшсан энэ байдлыг сөрөн зогсоход багагүй бэрхшээл саад учирч байгаа ч байр сууринаасаа бид ухрахгүй хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх болно.
Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх, иргэддээ үйлчлэх үүрэг хүлээсэн бүх шатны удирдах албан тушаалтан Та бүхэн хүчээ нэгтгэн, хүсэл зорилгоо дайчлан ажиллах учиртай. Үүний тулд:
· Төрийн байгууллага, нутаг дэвсгэртээ нэн тэргүүнд хууль, журам хэрэгждэг байх дэг ёс, соёлыг тогтоо. Үүнийг өөрсдөөсөө эхэл, иргэдэд үлгэрлэ.
· Байгууллагын ажилтнуудаас эхлээд иргэдийнхээ зовлон жаргалыг сонсож мэдэрч, амьдрал дунд орж, тэдэнтэйгээ асуудлаа ярилц, гарц шийдлээ тодорхойл, иргэдийнхээ итгэлийг олж ав.
· Асуудлаа шийд гэхээр агентлаг байгуулъя, орон тоо нэмье, мөнгө байхгүй гэх хэвшмэл сэтгэлгээнээсээ сал, орон нутаг, салбартаа байгаа нөөцөө бүрэн ашигла, бүтээлч сэтгэлгээ, бизнес овсгоогоор ханд, гэхдээ хууль зөрчиж болохгүй. боломж заавал олдоно.
· Бүх шатны төсвийн тэвчиж болох бүх зардлыг тана, төсвийг гол зорилтдоо үр ашигтай хуваарил, төсвийн сахилгыг чанд баримтал.
· Эрх мэдэл, албан тушаалаа бүү худалд, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид бай. Зохисгүй зүйлд нэр холбогдсон хэн ч бай албан тушаалаа өгөхөд бэлэн бай, албан тушаалыг зоосны нүхээр хардаг хүн манай засаг төрд хэрэггүй.
· Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах сэтгэлзүйн, зохион байгуулалтын бэлтгэл нөхцөлийг бүрдүүл, өөрийн байгууллагадаа буй хууль бус томилгоог бүрэн зогсоо, зөрчлийг энэ онд бүрэн арилга.
· Байгууллагын хүний нөөцөө чадавхжуул, ажил хийх чадвартай, төрд сэтгэлтэй ажилтнаа дэмжиж урамшуул. Хариуцлагагүй, сэтгэлгүй нэгнээс төрийн албыг цэвэршүүл.
Төсөв хөрөнгө шаардахгүй энэ хэдэн алхмыг ажил хэрэг болгоход л улс оронд хариуцлага сахилга сайжирч, бодит үр дүн нь Засгийн газрын эдийн засаг, нийгэм соёлын зорилтууд биеллээ олсон, тэр нь иргэдэд мэдрэгдсэн байдлаар тодорхойлогдоно. Хамгийн товчоор хэлэхэд, гүйцэтгэлийн үр дүнгээр хариуцлага дүгнэгдэнэ.
Нэр төртэй, чин шударга төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг өнөөгийнхөөс илт сайжруулж, хууль бус шахалт шаардлагаас хамгаалж, ажиллахаа Засгийн газар амалж байна. Харин Та бүхэн хууль ёсоо дээдэлж, сум орон, байгууллага салбар бүртээ сахилга хариуцлагыг тогтоож, ажлын бодит үр дүнгээр ард иргэдийнхээ итгэлийг олж ажиллахаа амла.
Бидэнд хийж гүйцэтгэснээс их хийх ажил, бас шийдвэрлэх олон асуудал байна. Алгуурлах цаг хугацаа алга. Ард түмэндээ амласан амлалтаас хойш суух эрх байхгүй.
Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан Та бүхэн төрийн сүлдэндээ өргөсөн тангаргаа санаж, улс түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ зүтгэнэ гэдэгт би итгэл төгс байна.
Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ гэжээ.