Х.Баттулга сайд нийслэлд баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
2011.05.03

Х.Баттулга сайд нийслэлд баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өчигдөр нийслэлд баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Хамгийн эхэнд "Өнөр горхи" ОНӨҮГ-ын ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажилтай танилцав. Тус төв нь 1985 онд байгуулагдсанаас хойш өдгөө хэр нь үйл ажиллагаа явуулсаар байгаа аж.

 

Тэднийх СХД-ийн XII, XIII, XIV хорооны нутаг дэвсгэрийг хамарсан нийт 3630 өрхийн 11966 хүн ам, 190 гаруй аж ахуй нэгж байгууллагыг ус, дулаанаар хангах үүргийг хариуцан ажилладаг гэдгээ сайдад дуулгаж байсан юм. Түүнчлэн, БНСУ-ын буцалтгүй тусламжаар 2009 онд ус, дулаан дамжуулах төвийн хэрэгцээний халуун хүйтэн усан хангамжийн насос тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэд технологиор шинэчлэн сольсноор цахилгааны зардлыг 10 -15 хувиар бууруулсан гэдгээ энэ үеэр онцолж байлаа. Мөн ус цэвэршүүлэх шүүлтээрээ хоёр жил тутамд сольдог болохоор ахуйн бохирдол гэсэн ойлголт байдаггүй байна. Түүнчлэн, тэднийх манай улсад энэ чиглэлийн үйлчилгээ явуулдаг ганц төв нь юм байна. Дараа нь сайд Х.Баттулга Барилгын хийц бүтцийн сорил шинжилгээний төв лабораторийн барилга угсралтын ажлыг сонирхохоор зорилоо.

Биднийг очиход барилгын бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байсан юм. Тус төвийн лабораторийн зураг төслийг Гоби травел" ХХК-д 2009 онд боловсруулж, барилга угсралтын ажлыг "Нью прогресс" ХХК гүйцэтгэж байгаа аж. Уг барилгын нийт төсөвт өртөг нь 5.9 тэрбум төгрөг юм байна. Харин үүнээс өнгөрөгч онд 500 сая төгрөгийн ажил хийгдсэн байна. Мөн лабораторийн барилгын А, С блок, гадна инженерийн шугам сүлжээ, гүний худаг зэргийг гүйцэтгээд энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулна гэдгээ энэ үеэр дуулгаж байлаа. Түүнчлэн, барилга байгууламжийн хийц, бүтэц нь газар хөдлөл судлалын сорил шинжилгээний лабораторийн барилгын төсөвт өртөг нь 2.8 тэрбум төгрөг юм байна. Дээрх иж бүрэн лаборатори ашиглалтад орсноор барилга байгууламжийн загвар хийц, бүтэц болон түүний элементийг газар хөдлөлтөнд бодит байдлаар нь турших зэрэг давуу талтай ажээ. Түүнчлэн, судалгаа шинжилгээний төмөр бетон болон арматурын цех, дүүргэгч материалын туршилтын талбай полигонтой байхын сацуу барилгын зураг төсөл, эрдэм шинжилгээ судалгааны төв болох юм байна.Түүний дараагаар Улаанбаатар төмөр замаар зочилсон. Энэ онд АНУ-ын  МСС-гаас Улаанбаатар төмөр замд 188сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон. Харин манай улс энэхүү хөрөнгө оруулалтаар төмөр замынхаа зүтгүүрийн тоо хэмжээг нэмж, төмөр замын тээврийн аюулгүй байдал, дохиолол холбооны технологио сайжруулахаар төлөвлөсөн байна. Тиймээс эхний ээлжид ОХУ-аас нийлүүлэх 30 зүтгүүрээс 16 нь манай улсад ирсэн гэдгийг УБТЗ-ын дарга Т.Очирхүү сайдад танилцуулж байлаа. Мөн манай улсад ирсэн 16 шинэхэн зүтгүүрийн 15 нь ажиллаж байгаа гэлээ. Харин үлдсэн зүтгүүрүүд нь ирэх наймдугаар сар гэхэд бүрэн гүйцэд орж ирэх ажээ.

 

ОХУ-аас 30 зүтгүүр шинээр орж ирснээр УБТЗ-ын ачааны парк 50 орчим хувиар шинэчлэгдэх юм байна. Ингэснээр төмөр замын тээврийн оргил ачааллын үед тээвэрлэлтийг шуурхай гүйцэтгэхэд онцгой ач холбогдолтойг дарга нь уламжилж байсан. Дараа нь Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл гэхээр хүн бүр санаж байгаа.

 

Энэ бол Энгельсийн гүүр юм. Тодруулбал, тойрууг  Энгельсийн гудамжтай холбох гүүрэн байгууламж барьж байгаатай сайд Х.Баттулга танилцлаа. Энэ нь Японы буцалтгүй тусламжаар нь хэрэгжиж буй гүүрэн гарц 895 метр урттай байгууламж болох юм байна. Төслийн үндсэн зорилго нь одоо байгаа хоёр гүүрэн гарцын ачааллыг багасгаж, хотын авто замын хөдөлгөөнийг жигд байлгахад оршиж байгаа аж. Бүтээн байгуулалтын ажил ирэх арваннэгдүгээр сард бүрэн дуусах ажээ. Энэхүү гүүрэн гарц ашиглалтад орсноор зорчих хугацаа хэмнэгдэж, хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих боломж бүрдэж байгааг энэ үеэр онцолж байлаа. Мөн энэ үеэр гүүрэн гарц барих ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийнхан уламжилж байсан. Мөн зарим аж ахуй нэгжийн хашаа, кабель, шугам хоолойг холдуулж чөлөөлөх ажил удааширч байгаа юм байна. Энэ талаар Х.Баттулга сайд ярихдаа "Японы зөвлөх компани тендерт шалгарсан. Энэ гүүр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал хөнгөрнө. Одоогоор төлөвлөгөө ёсоор явж байгаа юм байна.

 

Сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглаж байгаа юм байна. Бэрхшээлтэй зүйл нь газраа чөлөөлж өгөөгүйгээс болж асуудал гарч байна. Цахилгаан шугамын асуудал гэх мэт манайхтай холбоотой асуудал байгаа гэлээ. Том бүтээн байгуулалтыг хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй" гэсэн юм. Ингээд хамгийн сүүлд Нарны замын ард байрлах, олон жил ашиглагдахгүй байсан орон сууцыг шинээр дахин барих бүтээн байгуулалттай танилцав. Түүнийг "Чоно" группын хамт олон гүйцэтгэж байгаа аж. Тэд энэхүү бүтээн байгуулалтаа энэ оны намраас бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Энд 98 айлын орон сууц баригдаж байгаа юм байна. Харин Х.Баттулга сайд 'Хотын төвд иймэрхүү хүн амьдрах боломжгүй барилга 20-иод бий. Цаашид нэмэгдэх хандлагатай байна. Иймэрхүү барилгыг нураагаад барилгажуулна гэдэг хүнд асуудал. Тухайлбал, Арслантай гүүрний цаана нэг байшин нурсан байгаа. Иргэдтэйгээ тохиролцоонд хийж чадаагүйгээс болоод зогссон" хэмээж байлаа.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.