Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлэв
2018.09.28

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжилж байна.

Тэрбээр энэ үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа.

Тэд Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн байна.

Мөн тэрбээр Монгол Улсын 16,000 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа, Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрдсэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсан, ЕНБД-ын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД Антонио Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотложээ. 

НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррес хэлэхдээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын Засгийн газрын оруулж хувь нэмрийг өндрөөр үнэлээд Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжиж ажиллах тухай ярьжээ.