Цахилгаанаар явдаг нийтийн тээврийн хэрэгслийг дэмжинэ
НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв Ази, номхон далайн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн чуулга уулзалт "Шангри-Ла" зочид буудалд албан ёсоор эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх чуулга уулзалтад Азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгч оролцож байна.
Чуулга уулзалтаар хот төлөвлөлт, хэт төвлөрөл, дэд бүтцийг хэрхэн оновчтой шийдэх, агаар, хөрс, усны бохирдлыг хэрхэн бууруулах талаар санал солилцох юм. Мөн Монгол Улсад тулгамдаад байгаа төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл зэргийг хэрхэн бууруулах, олон улсын туршлага харилцан солилцохоороо ач холбогдолтой юм.
Тэгвэл чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчид “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр”-ийг хэрхэн бий болгох, юуг анхаарах ёстойг зөвлөв.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Улаанбаатар хотыг богино хугацаанд нийтийн тээврийн түгжрэлээс гаргахын тулд томоохон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд насжилт өндөртэй автобуснуудын асуудлыг шийднэ. Цаашид цахилгаанаар явдаг нийтийн тээврийн хэрэгслийг түлхүү дэмжих үүднээс Засгийн газар энэ жил хоёр эко автобусыг захиалсан. Мөн ногоон хоттой холбоотой хаягдлын менежментийг хэрхэн бий болгох, хогоо яаж ангилан ялгах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл болон аюултай хог хаягдалд тусгайлсан бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.”
НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн захирал Казушигэ Эндо “Улаанбаатар хотын хувьд замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг бэрхшээлтэй, тулгамдсан асуудлууд байна. Эдгээр асуудлыг шийдэх арга зам, гарцын талаар энэ удаагийн хурлаар хэлэлцэнэ. Намайг нэлээд хэдэн жилийн өмнө ирэхэд Улаанбаатар тайван, сийрэг хот байсан. Гэтэл өнөөдөр маш их хөгжсөн байна. Тэр хэмжээгээрээ дуу чимээ ихтэй болж өөрчлөгджээ. Ялангуяа нийтийн тээвэртэй холбоотой асуудал их байгаа нь ажиглагдлаа. Манай улсын хувьд тээврийн хэрэгслийн зохицуулалт, замын бөглөрлийг сийрэгжүүлэх чиглэлээр нийтийн тээвэрт түлхүү анхаарсан. 1976 оноос хойш нийтийн тээврийн системийг үе шаттайгаар өөрчилж, шинэчлэлт хийсний үр дүнд томоохон хотуудын бөглөрлийн асуудлыг шийдэж чадсан. Тиймээс энэ удаагийн чуулганаар нийтийн тээвэр болон газар төлөвлөлт, хот байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлэх талаар улс бүр өөрсдийн туршлагаасаа хуваалцана.”
Холбооны Малайз улсын Урд Күшин хотын дарга Хаи Син Жэймэс Чан “Манай улсын хувьд “2011-2020” гэсэн Засгийн газрын төлөвлөгөө бий. Тэрхүү төлөвлөгөө нь төвлөрлийг сааруулах, хүн амын эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг. Хөдөлгөөнийг сааруулахын тулд хөдөлгүүргүй техник хэрэгсэл, замын төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй. Хөдөлгүүргүй тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуй зэрэг техникийг түлхүү хэрэглэснээр авто замын бөглөрөл, агаарын бохирдол буурах гээд олон талын ач холбогдолтой.”
Малдив улсын Мэйл хотын дарга Сифа Мохамед “Малдив улсын хувьд Монголтой ижил асуудлууд бас байна. Манай улс аялал жуулчлалд тулгуурласан эдийн засагтай учир орчноо хамгаалах нь нэн чухал. Тиймээс бид цахилгаан тээврийн хэрэгсэл, түлш, шатахуун хэрэглэдэггүй цэнэг хураагууртай тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Мөн сүүлийн үед хямд аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Манай улсад арлын элэгдэл, далайн түвшний өсөлт, дэлхийн дулаарлын асуудал нэн түрүүнд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Монголчууд амьд зүйлд их хайртай, элгэмсэг ханддаг юм байна. Тиймээс Монголын түүхийг судалж, сонирхож энэ удаагийн чуулга уулзалтад хүрэлцэн ирлээ.”