Шадар сайд Ө.Энхтүвшин АНУ-ын Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг хүлээн авч уулзав.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, үр дүнтэй олон чухал үйл явдал болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийлэв.
Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр талууд харилцаагаа нэг шат ахиулан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсний зэрэгцээ Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээг баталгаажуулсныг тэмдэглэв.
Монгол Улс нь АНУ-ыг чухал гуравдагч хөрш, дотны анд гэж үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүний дотор Ерөнхий сайдын айлчлалын үеэр ярьж, тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Шадар сайд Ө.Энхтүвшинтэй санал нэг байгаагаа АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи хэллээ.
Тэрээр Монгол Улс Мянганы сорилтын корпорацийн эхний Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ хоёрдахийг нь хэрэгжүүлэх тодорхой шалгуурыг давж гэрээ байгуулсанд баяр хүргэв. Мөн Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батаа сайжруулан, эдийн засгаа өсгөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч М.Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нарт Монгол Улсын Ерөнхий сайдын илгээсэн талархлын захидлыг Шадар сайд гардуулж өглөө.
Уулзалтын үеэр талууд хууль тогтоох, төрийн бусад байгууллага болон иргэд хоорондын харилцаа, энхийг дэмжих ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.