Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар Нийтийн сонсгол хийх хүсэлт өргөн барив
2018.10.19

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар Нийтийн сонсгол хийх хүсэлт өргөн барив

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос өнөөдөр Хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн хяналтын асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барив.

Энэ талаар тус дэд хорооны дарга З.Нарантуяа болон Д.Оюунхорол, Н.Амарзаяа нарын гишүүд мэдээлэл хийлээ.

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж буй энэ үед уг төсөлд хүүхэд хамгаалалд зарцуулах 6.5 тэрбум төгрөгийг 2.3 тэрбум болгож бууруулсан. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулж буй төсөв, түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлт хүргүүлж байгаагаа З.Нарантуяа гишүүн хэллээ.

Тэрбээр, “2017 онд хүүхэд харах үйлчилгээнд 6.6 тэрбум төгрөг, 2018 онд 5.5 тэрбум төгрөг зарцуулсан. Төсөв хассанаас үүдэн хүүхэд харах үйлчилгээнд хамрах хүүхдийн тоо 500-гаар буурсан. Үүний 153 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Ирэх оны төсвийг анх удаа 11 их наяд төгрөг давсан зарлагатай боловсруулсан боловч хүүхэд хамгаалалд зарцуулах мөнгийг 66 хувиар бууруулсныг бид эсэргүүцэж байгаа юм” гэлээ.

Мөн Д.Оюунхорол гишүүн, “Ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Төсвийн төсөлд яамдын үйл ажиллагааны зардлыг маш их танасан байна. Ирэх оны төсвийн зардлын дийлэнх хэсгийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шинээр барих, өргөтгөх хөрөнгө эзэлж байгаа юм. Зарчмын хувьд энэхүү хөрөнгө оруулалтыг бид дэмжиж байгаа. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээг орхигдуулж болохгүй” хэмээв.