Н.Амарзаяа: Энэ оны төсөвт БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ дэмжих бодлого ОРХИГДУУЛСАН байна
УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.
-Ирэх оны төсөв хэлэлцэж байна. Урсгал зардал хэт их, орлогыг бодитоор тооцоолоогүй гэх мэт асуудал яригдаж байна. Таны хувьд хэр чамбай төсөв болсон гэж харж байна вэ?
-Засгийн газраас хэт “өөдрөг” төсөв орж ирсэн. Өмнөговь аймаг нь “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон ордууд байдаг уул уурхайн бүс нутгийн хувьд төсвийн орлогыг бүрдүүлэхэд зонхилох байр суурь эзэлдэг. Нүүрсний олборлолтын хэмжээг энэ онд 28 сая тонн гэж тооцоолж байсан бол ирэх онд 42 сая тонн байхаар тооцсон байна. Ингэхдээ Ханги Мандал-Тавантолгой зэрэг шинээр нүүрсний тээвэр нэмэх гарцын дэд бүтцийн асуудлаа одоогоор шийдээгүй зөвхөн яриа төдий байна. Дэд бүтцээ 2019 онд амжиж шийдвэрлэх боломжгүй. Харин Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын урсгал, хүчин чадлыг БНХАУ-аас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэнээр 42 сая тоннд хүргэнэ гэж үзсэн нь өндөр эрсдэлд хүргэж байна. Уул уурхайн салбар нийт орлогын 30 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд уул уурхайгаас төсвийн орлогоо бүрдүүлж байгаа хэр нь энэ салбар дах дэд бүтцээ Засгийн газар бодлогын хэмжээнд дэмжиж хөрөнгө оруулалтаа чиглүүлэх байсан юм. Салбарын яамд хоорондын бодлогын уялдаа холбоог сайжруулж, энэ онд хийх ёстой шинэ бүтээн байгуулалтын дорвитой томоохон төслөө эхлүүлж чадаагүй байна гэж үзэж байна. Нөгөө талаас нүүрс олборлолтын хэмжээг 2019 онд 42 сая тонн, одоогоор нэг тонн нүүрс дунджаар 66 ам.доллар байгаа боловч 75.9 ам.доллараар тооцсоноос авч үзэхэд төсвийн тогтворжуулалтын сан, ирээдүй өв сангийн орлого нь кокосжсон нүүрсний экспортын орлогоос ихээхэн хамааралтай болох нь харагдаж байна. Гэтэл хамгийн үнэ цэнэ бүхий баялаг болох алт олборлолтоос орох орлого хангалтгүй дүнтэй харагдаж байна.
-Зарлагын тухайд өмнөх жилүүдээс өссөн байсан?
-Нэгдсэн төсвийн нийт зарлага 11.6 их наяд төгрөг буюу өмнөх жилүүдээс эрс өссөн. Нэгдсэн төсвийн нийт урсгал зардал 8.2 их наяд төгрөг төлөвлөснөөс татаас буюу урсгал шилжүүлгийн зардал 41 хувийг эзэлж байгаад дүгнэлт хийх шаардлага үүсч байна. Хэрэгцээ шаардлага асар их байгаа ч эдийн засгаа төрөлжүүлэх, дэд бүтцээ бий болгох, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих зэргээр өөдрөг орлогодоо тулгуурлаж төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн зарлагаа оновчтой төлөвлөх нь чухал юм. Төсвийн хуваарилалтаа Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон хөгжлийн бодлого Төлөвлөлтийн хууль болон бусад холбогдох хуульдаа тулгуурлан хийх нь чухал гэж дүгнэж байна.
-Ер нь сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа зардлаа нэлээд нэмсэн байна гэж харж болохоор байна л даа?
-Хуанлийн жилээрээ сонгуулийн өмнөх жил гэдэг үнэн л дээ. Гэхдээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн биелүүлэх биш ч 90 орчим хувийн биелэлттэй байхаар тооцох ёстой. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн бааз сууриа бэхжүүлэх, шинэ бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангах, ТЭЗҮ-ийг хийх гээд олон бодлогын ажил руу хөрөнгө оруулалтаа шингээх нь чухал юм. Жишээлбэл, өнгөрсөн хаврын чуулганаар “Эрдэнэс Тавантолгой”-д зөвхөн IPO гаргахыг нь дэмжиж тогтоол гаргасан. IPO гаргахад зохих хугацаа шаардлагатай гэж үзвэл бэлтгэл ажлыг нь ирэх онд хийх ёстой. Олон улсын хөрөнгийн биржээс хөрөнгө босгож дэд бүтцээ барихаас өмнө шаардлагатай хөрөнгө оруулалтыг бодлогын хэмжээнд хийх ёстой. Тиймээс энэ мэт асуудлуудаа орхижээ гэж харж байна.
-Дэд бүтцийн ажлаа эхлүүлэхэд эдийн засгийн нөхцөл боломж хүрэх болов уу?
-Дэд бүтцийг бүгдийг нь хийнэ гэвэл төсөв ачааллыг нь даахгүй байж болно. Гэхдээ ТЭЗҮ, тооцооллыг нь хийх, шаардлагатай бол томоохон олон улсын арга хэмжээнүүдийг авах зэрэг хөрөнгө мөнгийг төсөвлөх ёстой юм. Төмөр зам, автозам гэвэл төсөв хүрэхгүй учир бодлого болон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд ач холбогдолтой, том төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засагтаа мөнгө оруулж ирэх, орлогоо нэмэгдүүлэх хүчин зүйлсэд хөрөнгө оруулах шаардлага байгаа. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд ирэх онд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Сангийн яамны урьдчилсан тооцооллыг харахад 600 гаруй тэрбум төгрөг байна гэж байгаа. Гэтэл энэ өмнө нь олгосон зээлээс орж ирэх буюу 2021, 2024, 2025 онд орж ирэх зээлийн эргэн төлөлт. Зээлийн хувьд нэлээд бага хүүтэй, хоёр жил болоод хөнгөлдөг зэрэг төрөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх бодит дэмжлэг болдог. Үүнээс 2019 онд хэдэн төгрөг орж ирэх нь тодорхойгүй шүү дээ. Энэ онд гэхэд 20-27 тэрбум төгрөг орж ирэхээр байсан. Энэ жил баталсан 70 гаруй тэрбум төгрөгтэй нийлээд 90 гаруй тэрбум төгрөг болохоор байна. Гэтэл Сангийн сайд “Гаднын болон дотоодын төсөл хөтөлбөр, зээл тусламж, төсвийн мөнгө нийлээд 649 тэрбум төгрөг жижиг дунд үйлдвэрт байгаа” гэсэн. Хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа төрөлжүүлэх, тогтворжуулах, ажлын байраа нэмэгдүүлэх гол бодлого бол Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтын хуваарилалт юм. Томоохон төслөө хэрэгжүүлэхээ больё гэж бодоход үнэ цэн хүрэх, баялаг бүтээх бодлогоо орхигдуулсан байна гэж харж байгаа.
-Монголбанк мөнгөний бодлого хэлэлцэх үеэр “2020-2021 онд хямралтай байна. Тиймээс 2019 оны төсөвт хөрөнгө оруулалт, урсгал зардлаа хэмнэх нь ирээдүйд хэрэгтэй” гэж байсан. Гэтэл ирэх оны төсвийг мөнгөний бодлоготой нийцэхгүй байна гэж харж болох уу?
-Төсөв хэлэлцэх явцад мөнгөний бодлого, үндсэн чиглэл хэлэлцэнэ. Одоогоор эдгээр асуудлыг УИХ-д оруулж ирж танилцуулаагүй байна. Ер нь урсгал зардлаа аль болох хэмнэх нь хамгийн зөв шийдэл.
-Өмнөговь аймагт ирэх онд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байгаа вэ?
-2014 онд эхэлсэн хоёр барилгыг ирэх онд дуусгахад гурван тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгаа. Үүнээс гадна 15 орчим тэрбум төгрөгийг шинээр хийх хөрөнгө оруулалтад зарцуулахаар төсвийн төсөл орж ирж байна.
-Ер нь зураг төсөвгүй барилга нэлээд байна гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Танай тойрогт зураг төсөлгүй хөрөнгө оруулалт байгаа юу?
-Манай аймгийн хувьд зураг төсөлгүй хэмээн шүүмжлэгддэг ажил байхгүй. Ер нь барих барилгыг зураг төсөлтэй байна уу гэдгийг шалгах эрх нь Сангийн яаманд байгаа. Хэмжээ, мкв, зураг төсөл хийсэн компани, нийт өртөг, магадлашгүй ажлын зардал зэрэг олон хүчин зүйлийг хянадаг. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалт нэг ижил хэмжээтэй шаардагдах төсөл байдаг. Гурван ээлжийн сургуулийг нэг ээлжтэй болгох, Улаанбаатар хотын цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа хороо дүүрэгт цэцэрлэг барих зэрэг ажлыг нэг зураг дээр хийх боломжтой гэж харж байгаа. Сонгинохайрхан байна уу, Баянзүрх дүүргийн алинд ч байсан хүүхдийн тоо, багтаамжаас шалтгаалж л өөр байна уу гэхээс ижилхэн зургаар барих боломжтой. Харин Улаанбаатар хотод барьсан зураг төслөөр Өмнөговь аймагт цэцэрлэг барихад хэцүү. Геологийн байршил зэргээс шалтгаалж өөрчлөлт орно.
-Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд үг хэлэхдээ ирэх оны төсөвт шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал, нэг сая төгрөгөөс эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт таван тэрбум төгрөгт хүрсэн гэж хэлсэн. Мөн Сангийн сайдыг өөрийнхөө тойрогт 52.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр байна гэж байсан. Энэ шүүмжлэлүүд нь ямар учиртай юм бол?
-Сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор “гишүүдийн мөнгө” гэж яригдаж байх шиг байна. 76 гишүүн өөр өөрийн тойрогтой. Тиймээс 76 гишүүнээс санал авдаг. Нэгэнт УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд улсын нэгдсэн төсвийг баталдаг учир тойргийн гишүүдийн саналыг хүндэтгэж авсан нь үнэн. Түүнээс гишүүдийн мөнгө, гишүүдийн төсөв гэж байхгүй.
-Сангийн сайд өөрийн тойрогтоо 52.8 тэрбум төгрөг төсөвлөсөн тухайд?
-Төсөвт тооцоолол хийхэд тийм асуудал байхыг үгүйсгэхгүй. Намын бүлгээс ажлын хэсэг гаран ажиллаж байна. Минийхээр бол стратегийн ач холбогдолтой, эдийн засгийг төрөлжүүлэх, ирээдүйд орлого олох салбарыг хөгжүүлэх зарчмыг баримтлах, дэмжих ёстой. Энэ бодлогоо ч чуулганы нэгдсэн хуралдаанд илэрхийлсэн.
-Гаднын зээл тусламжаар хийх хөрөнгө оруулалтыг нэг яаманд төвлөрүүлсэн байна гэж байсан. Энэ нь хэр зохистой юм бол?
-Төсвийн төслийг харж байхад гаднын зээл тусламжаар хийх бодлогын олон ажлыг тусгасан байна лээ. Засгийн газар нэг бодлогоор явах ёстой. Мөн юунд зарцуулах нь тодорхой учир тухайн салбар салбарын яамдууд хариуцах нь зөв.