Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцлээ
2011.05.18

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар С.Эрдэнэ нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.


С.Эрдэнэ нарын гишүүд  Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 14 дүгээр  бүлгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах” гэсэн 82 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах, 21 дүгээр бүлгийн “Зандалчлах” гэсэн 177 дугаар зүйлд нэмэлт оруулах, “Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох” гэсэн 179 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулахаар төсөлдөө тусгажээ.

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах баталгаа нэмэгдэж, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан, уриалсан, санхүүжүүлсэн, ивээн тэтгэсэн  этгээд ял завших боломж хаагдана гэж үзсэн байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, залилан мэхлэж авах, завших, үрэгдүүлэх зүйлүүдэд онц их хэмжээгээр буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд 15 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан боловч албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтан этгээдэд 5 жил хүртэл хорих ял оногдуулж байхаар хуульчилсан байна гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас үүссэн хохирол нь адил хэмжээтэй байхад гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтанд харьцангуй бага, хөнгөн ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заажээ.

 

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, залилан мэхлэж авах, завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүнд, онц хүнд гэмт хэргийн ангилалд, харин албан тушаалтны үйлдсэн их, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамааруулах байдлаар хуульчлан тогтоосон нь “Үндсэн хууль”-д заасан “хууль шүүхийн өмнө эрх тэгш” байх зарчим зөрчигдөж, нийгмийн шударга ёс алдагдахад хүргэж байна гэж үзжээ.

 

Энэхүү зөрчилтэй байдлыг арилгах зорилгоор авлигын гэмт хэргийн зүйл хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн нэмж, албан тушаалтанд оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлж, эдгээр гэмт хэргийг “Эрүүгийн хууль”-д заасан “хүнд гэмт хэрэг” гэсэн ангилалд хамааруулж байхаар төслийг боловсруулжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлд заасан “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах” ялын хугацааг нэмэгдүүлэн, уг ялыг нэгээс арван жил хүртэл хугацаагаар оногдуулж байхаар хуульчлан оруулсан байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн этгээд сайн дураараа хэргээ илчилж ирсэн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн нь өс хонзон, шунахай сэдэлт агуулаагүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр нэмэлт оруулжээ. Энэхүү шинэ заалттай уялдаатайгаар, хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн, энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн гэмт хэргийн /Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйл/ хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

 

Байнгын хорооны гишүүд хээл, хахууль өгснөө сайн дураараа илчилсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгасан юм байна. Тэр хүнийг өс хонзон агуулаагүй гэдгийг хэрхэн тогтоох юм бэ хэмээн лавлаж байсан.  Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, сайн дураараа өөрийгөө илчлэх заалт дээр анхааралтай ажиллах хэрэгтэйг дурдсан Тэрбээр, “1937 оны хэлмэгдүүлэлтийн концепц нь өөрийгөө илчил, тэгвэл өршөөнө гэж байлаа. Үүнийг туйлшруулах замаар өрөөл бусдыг хардах, бариулах ажил эхэлж, хэлмэгдүүлэлт эхэлсэн. Энэ бол их буруу зүйл гэдгийг түүх баталсан биш билүү. Нэг хүн өөрийгөө илчилж, 10 хүнийг урдаа түлхдэг явдал болох юм биш биз. Өгсөн хүнийг илчилбэл өршөөнө гэж байна авсан хүн өөрийгөө илчилбэл яах вэ хэмээн лавлаж байлаа.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгын тайлбарласнаар хэн нэгний мэдээлэл бүрээр бариад баривчлаад байхгүй бөгөөд авсан, өгсөнийг мөрдөн байцаалтын явцад тогтоох гэнэ. Авилга гэдэг хоёр талтай бөгөөд албан тушаалтан албан үүргээ биелүүлэхгүй, асуудлыг шийдэхгүй бариад байхаар ажлаа бүтээхийн тулд хээл хахууль өгөх сэдэл л төрдөг гэнэ. Хээл хахууль өгсөн зорилго нь өөр болохоор ийм байдлаар хуульчилсан гэлээ. Хэрвээ асуудлаа шийдүүлэхийн тулд албан хаагчийг хууль зөрчүүлэхэд хүргэсэн бол асуудал бас өөр байх гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.