2018.10.24

Б.Энх-Амгалан: Ард түмнийг хуурсан, залилсан олон зуух хаана байна?

Өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын талаар хэлэлцлээ.

“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийв. Үндэсний аудитын газраас Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн хэрхэн гарсныг шалгаж нийт 72 зөрчлийг илрүүлжээ. Шалгалт 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 30-ны хооронд шалгалт хийсэн бөгөөд нийт 72 зөрчил илрүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 17.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтаас 2 тэрбум гээд нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гадаадын зээл тусламжаас 104.7 сая ам.доллар, мөн 48.6 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар асар их мөнгө авсан байна. Энэ мөнгө хэд хэдэн онд гарч явсан бэ?

2011-2013 онд гадаадын тусламжаар ЭмСиСи цэвэр агаар төслийн хүрээнд 33 сая ам.доллар, 2012-2016 онд 4.5 сая ам.доллар, 2011-2015 онд 32.2 тэрбум зуух дээр зарцуулсан байна. Ямар компаниуд авсан бэ?

Энэ компаниуд ямар хариуцлага хүлээх вэ?

Энэ мөнгө нь агаарт цацагдаад алга болсон байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүн ямар байна? Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо юу бодож байна? Ард түмнийг хуурсан, залилсан олон зуухнууд хаана байна?

Ажлын хэсэг: Нийт дотоодын эх үүсвэрээс 164.1 тэрбум төгрөг зарцуулсан. Гадаадын зээл тусламжаар 1074.7 с ая ам.доллар, буцалтгүй тусламжаар 48.6 сая ам.доллар зарцуулсан. Оноор авч үзэхэд 2008 онд 4 тэрбум, 2009 онд 3.3, 2010 онд 5.6, 2011онд 44.7, 2012 онд 45.2, 2013 онд 32.3, 2013 онд 13.8, 2015 онд 5.7, 2016 онд 9.5 тэрбум төгрөгийг дотоодын эх үүсвэрээс улсын болон нийслэлийн төсвийн урсгал төсвийн хөрөнгө оруулалтын төсвөөс зарцуулсан. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2008 онд 2.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Ашиглалтын хувьд Сангийн яамны ирүүлсэн мэдээгээр үзэхэд 2009 онд 0.3, 2010 онд 1.3, 2011 онд 52.9, 2013 онд 2.2, 2014 онд 32.2, 2015 онд 9.2, 2016 онд 6.6 гээд 104.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг зарцуулсан. Тусламжийн 48.6 сая ам.долларын хувьд Сангийн яам тусламжийг тэр болгон бүртгэж оноор нь гаргаж ирээгүй байна.

Төсөл арга хэмжээнд зарцуулсан хөрөнгөтэй холбоотой үр дүнгээс дурьдвал:

Үртсэн шахмал түлшний үйлдвэр байгуулна гээд Нийслэлийн засаг дарга 2009 онд Булган аймгийн Хангал сумын Хялганд багт цогцолборыг байгуулахаар шийдвэрлэсэн. Тендер зарлаад, Номин холдинг, Хялганат хангай компанийн хамтарсан  Хос гарьд гэдэг түншлэл шалгарч, 1.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Санхүүжилтийг нь хийсэн. Энэ үйлдвэрийг 2009 оны 9 сарын 9-ний өдөр байгуулаад 2009 оны 11 сарын 30-нд гэрээ дуусахаар гэрээ хийсэн. Гэтэл аудитын явцад үзэхэд энэ түлшний үйлдвэрийн зураг төсөвгүй, түүхий эдийн нөөцийг тодорхойлоогүй, эдийн засгийн үр ашгийн оновчтой тооцоолол хийгээгүй байсан. Судалгаа хийхгүй үйлдвэртэй гэрээ байгуулсан байна. Гэрээнд тусгагдсанаар үртсэн түлшний үйлдвэр жил 12.500 тн үртсэн түлш үйлдвэрлэхээр заасан. Гэвч бодит байдал дээр жилд 3240 тн-ыг л үйлдвэрлэх хүчин чадалтай байсан. Хүчин чадлыг буруу тооцоолсноос өнөөдрийн байдлаар ашиглалтын хүчин чадлаар ажиллаж чадахгүй байна. 2011-2017 онд 7500 тн үртсэн түлш нийлүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар түүхий эд байхгүй болсон гэсэн утгаар энэ үйлдвэрийн ажил зогссон.

Шахмал коксжсон нүүрс нийлүүлэх тендерийг зарласан. Үүн дээр Амор интерншнл, Сибир термо компанийн түншлэл оролцсон. Энэ үйлдвэрийн түүхий эд нь процесс, технологитойгоо зөрчилдсөн учраас энэ үйлдвэр зогсонги байдалд шилжсэн байна.