У.Хүрэлсүх: Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа бахархаж яваарай
2018.10.24

У.Хүрэлсүх: Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа бахархаж яваарай

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. 

Талийгаачийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Улмаар дөнгөж сая СХД-ийн зургадугаар хороонд байрлах "Очир" хотхонд 60мк шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. 

Тэрбээр талийгаачийн том хүүд "Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа байнга бахархаж яваарай. Жинхэнэ цэрэг байсан юм шүү." хэмээн хэлээд хатуужилтай, сайн эр хүн болж өсөхийг хүсэн ерөөлөө.

Талийгаачийн том хүү Б.Цолмонбаяр "Ирээдүйд цагдаагийн алба хаагч болох хүсэл мөрөөдөлтэй" гэдгээ хэлэв. Мөн талийгаачийн ээж болон эхнэр нь Ерөнхий сайдад баярласнаа илэрхийллээ. 

Байрны гэрчилгээ гардуулахад ЦЕГ-ын дарга С.Баатаржав мөн оролцсон юм. 

Талийгаач 41 настай байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг. Ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм. Гэвч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж ийнхүү амиа алдсан. Улмаар 2-14 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байна.