Х.Нямбаатар: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилга гаргаж байгаа юм бол өөрөө ч гэсэн хугацаанаасаа өмнө огцрох ёстой
Сэтгүүлч МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах албан бичгийг өргөн барилаа. Хуулиараа 45 хоногийн дотор хэлэлцэхгүй бол Их хурал тарна биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ Их хурал тарж, улс төрийн тогтворгүй байдал үүссэнээр сайн зүйл авчирахгүй. Улс төрийн тогтворгүй байдлыг дагаад эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Эдийн засгийн тогтворгүй байдал нийтийн эмх замбараагүй байдал бий болгоно. Гадны улсуудын жишээ байна шүү дээ. Украиныг хар л даа, ямар болов. Бас Лив, Сири, Венесуэл зэрэг улс ямар болсныг дэлхий нийтээр мэдэж байгаа. Тиймээс эцсийн дүндээ цаанаа өгөөжтэй улс төрийн шийдвэр л гарах ёстой.
Үнэхээр манайх Үндсэн хуулийнхаа хамгийн том мухардал руугаа очиж байна. 76 тойргоос ард түмнээс сонгогдсон парламент, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хоёр төсөв дээр зөрөлдөж эхэлж байгаа. Аль, аль нь ард түмэнд баахан амлалт өгчихсөн. Гэтэл аль ч улс төрийн хүчин амлалтаа бүрэн хэрэгжүүлэх санхүү төсвийн боломж байдаггүй. Бид 76 тойргоос сонгогдохдоо маш том амлалтуудыг өгч гарч ирсэн. Эргээд нөөцөө үзтэл баахан гадаад, дотоод өртэй. Мөрийн хөтөлбөрөө 100 хувь хэрэгжүүлэх боломж байдаггүй.
Энэ хоёр институцтэй зэрэгцээд орон нутгийн түвшинд, аймаг, сум, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшсэн хүмүүс ч бас өчнөөн амлалтууд өгсөн. Ялгаагүй нэг тогооноос халбагадаж тойрог, тойрогтоо хэрэгжүүлэх болдог. Ингээд хаана, хаанаа зөрчилдөөнүүд үүсч байгаа. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдохдоо маш их амлалт өгснийг мэдэж байгаа. Гэтэл Төрийн тэргүүн маань өөрийнхөө нөөцийг үзтэл дөрөвхөн тэрбум төгрөгийн нөөцтэй, 40 хүний аппараттай, институц болж хувирсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр маань бид хоёр хамтарч зүтгэнэ. Улс орны хөгжлийн төлөө явна гээд маш олон удаа уриалга гаргасан. Яг төсөв хэлэлцэхэд зөрчил тод илэрдэг. 76 тойрогт нэр дэвшсэн хүмүүс тойрог тойрогтоо юм хийж хэрэгжүүлье, ирээдүйн хөгжлийн төлөө зүтгэе гэхээр эцсийн дүндээ бүх юм төсвөөр дамжиж хөрөнгө мөнгөөр л шийдэгддэг. Энэ бол манай Үндсэн хуулийн хамгийн том гажиг. Үнэхээр Ерөнхийлөгч санаачилга гаргаад УИХ-ыг тараая гэж байгаа юм бол Ерөнхийлөгч ч гэсэн хугацаанаасаа өмнө огцрох ёстой.
-Яагаад?
-Улс төрийн тогтолцооны энэ гажгаа засахын тулд хэн нэгнийг өөр хүнээр сольсноороо асуудал шийдэгдэхгүй. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд дандаа 1.6 жилийн настай Засгийн газартай байсан. 1.6 жилийн настай төрийн бодлогууд явж ирсэн. Төрийн бодлогууд хэдий чинээ тогтвортой хэрэгжинэ, төдий чинээ эерэг үр дүнгүүд гардаг. Өнөөдөр ХБНГУ-ыг Ерөнхий сайд Ангела Меркель гэх эмэгтэй 2005 оноос хойш тасралтгүй удирдаж байна. Германы хүчирхэг эдийн засаг илүү хурдан өсч өндийж байгаа дэлхий дахинд ил байна. Бодлого тогтвортой байснаар эдийн засаг тогтвортой байж өсөлт гарна. Үүнийгээ дагаад иргэдийн амьдрал тогтвортой байна.
-УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар парламентыг тараадаг хуулийн заалт бий. Ингэхдээ гишүүд саналаа нээлттэй өгөх юм байна. Өөрсдийнхөө эсрэг кноп дарж чадах уу?
-Ерөнхийлөгч Их хурлыг тараах санал гаргаж байгаа нь Үндсэн хуулийн хүрээнд анхны тохиолдол болж байна. Ерөнхийлөгчийг огцруулах эрх нь хүртэл УИХ-д байгаа шүү дээ.
-Тэгвэл Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг өргөн барих уу?
-Заавал тийм улс төрийн тогтворгүй байдал үүсгээд яахав дээ. Харин Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, бүх нам улс төрийн том зөвшилцөл хийж, Үндсэн хуулийнхаа тогтолцооны реформыг хийх төсөлтэй болох ёстой. Тэгээд ард түмнээрээ төслөө хэлэлцүүлээд дэмжвэл он гараад бүгдээрээ тарчихъя л даа. Шинэ тоглоомын дүрмээрээ дараагийн засаг төр бий болог. Тэрнээс өнөөдөр Доржийг Дондогоор, энэ Их хурлыг өөр 76-аар солиод ямар ч өөрчлөлт гардаггүйг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа шүү дээ. Иймд Үндсэний зөвшилцөл хийхийг УИХ, Ерөннхийлөгч, Засгийн газар, улс төрийн намуудад уриалж байна.
-Зөвшилцөхгүй бол яах вэ?
-Нийтийн эмх замбараагүй байдал бий болно. Төр үгүй болно. Манай Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ мөн гэдэг. Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллага байхгүй болохоор төр байхгүй болно гэсэн үг.
Тэгвэл нийтийн эмх замбараагүй байдал бий болох вий гэхээс айж байна. Зөвшилцөл нэг л зүйл дээр очих ёстой. Цаашид монголчууд гурван саяулаа ямар дүрмээр явах вэ гэдгээ зөвшилцөж байгаад ард нийтээрээ асуулгачих ёстой.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүний институциэс Ерөнхийлөгчийн засаглалтай орон болох саналыг илэрхийлдэг. Сая Ерөнхийлөгч УИХ-ыг тараах албан бичиг өргөн барьсныг нь хүртэл нийгэм ингэж л харж байна. Ер нь манай улсын хувьд засаглалын ямар хэлбэр илүү тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Хоёр том гүрний дунд өргөн уудам нутаг дэвсгэртэй, эдийн засгийн нөөц ресурс багатай, байгалийн баялаг ихтэй манай улсыг нэг хүн удирдах аваас гадаад улс орнуудын дарамт шахалт, нөлөө асар их ирнэ. Хоёрдугаарт, холбооны засаглалттай улс орнууд ихэвчлэн ерөнхийлөгчийн засаглалтай байдаг. Аж ахуйн бүх асуудлуудыг мужууд нь шийдчихдэг. Холбооны улсын засгийн газар бол гадаад харилцаа холбооны муж улсууд дамнасан гэмт хэрэг, аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр л шийдвэр гаргадаг.
Манайх шиг худаг, жорлон ухахаас эхлээд бүх асуудлыг шийддэг Засгийн газартай оронд Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зохимжгүй гэж би хувьдаа үздэг. Харин хоёр танхимтай сонгодог парламентын тогтолцоо тохиромжтой.
Хоёр танхимтай парламентын засаглалтай болоод ирвэл гудамжны хэрүүл тэмцэл багасна. Яагаад гэвэл жижиг тойрогтой 76-хан суудалтай парламентад нийгэмд хамгийн их идэвхтэй байгаа хүмүүс тэр бүр орох боломж нь хаагдмал байдаг. Тиймээс Төрийн ордны гадна талд дахиад нэг сүүдрийн засгийн газар бий болчихоод байна. Зөв юмыг ч буруу гэнэ. Бурууг ч шүүмжилнэ. Үнэн мөн гэдэг зүйл олдохоо больчихоод байгаа юм. Магадгүй энэ гадаа байгаа хүмүүс парламентын хоёр танхимд орж ирснээрээ төрийн зовлон гэж юу байдгийг мэдэрнэ. Нөөц нь ямар байдаг, эрх мэдэл нь ямар байдаг юм гэх зэрэг олон асуудал байна. Харин доод танхим 150-200 хүний бүрэлдэхүүнтэй, тэндээс гарч байгаа саналыг дээд танхим нь шүүрддэг, дээд танхимын бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил тутам гуравны нэг нь сэлгэгдэж байдаг, төрийн үйл ажиллагааны бодлого залгамж чанараа хадгалсан тэр үндсэн тогтолцоо руу яваасай гэж бодож байгаа.
Ерөнхийлөгч ард түмэнд амлалт өгдөг, парламенттайгаа зөрчилддөг зарчмаар удаан тэсэхгүй. Ийм байвал эдийн засаг халаад дууслаа. Ерөнхийлөгч бол парламентаас сонгогддог. Төрт ёсны бэлгэдэл, төрийн баяр наадам цэнгүүнийг нээж, хааж үг хэлдэг, төрийн дээд одон медаль гардуулдаг, томилгоот албан тушаалтнуудыг ёсчилдог, нэг парламентаас нөгөө парламентад Засгийн газар солигдоход төрт ёсны манаачийн үүрэг гүйцэтгэдэг, бүх намын төлөөлөл пропорцианаль системээр доод танхимаа бүрдүүлдэг ийм сонгодог парламентын засаглал руу шилжих хэрэгтэй байна.