2018.11.07

М.Билэгт: Төрийн шийдвэр тэгш үйлчлэхгүй байгаад иргэд бухимдаж байна

Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Сүүлийн 20 гаруй жилд төрийн нэр хүнд унаж, төрд итгэх иргэдийн итгэл суларсаар байгаа. Иргэд юунд бухимдаад байна вэ гэхээр, төрийн үйлчилгээг ард иргэдэд тэгш хүртээх ёстой төрийн албан хаагчид мэдээлэлд ойр байгаагаа ашиглан өөрт давуу эрх үүсгэж ард түмний болон улсын өмч хөрөнгийг идэж шамшигдуулаад байгаад юм. Ингэсээр Монголын сан хөмрөг өрөөс өрийн хооронд дэнжигнэж байна. Өвөг дээдэс маань өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэдэг. Энэ бол нэг өдөр үүссэн биш сүүлийн 20 гаруй жилд ийм байсан. Төрийн өндөр албан туушалтны алдаатай бодлого шийдвэрээс бол эдийн засаг буурч, дампуурах шахсан. Гэтэл энэ бүхэнд хариуцлага тооцохгүй явсаар өнөөгийн байдалд хүрчээд байна. Б.Батзориг сайдын уучлал гуйж, албаа өгсөн нь хариуцлагын зөв жишгийн эхлэл гэж бодож байна. Харин прокурор, шүүхийн байгууллага ард түмний хариулт хүлээж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна.”