2018.11.13

Ц.Даваасүрэн: Ипотекийн зээлийг валютын нөөцийн бодлоготой уялдуулах бодлого, зохицуулалттайгаар хэрэгжүүлэх ёстой

Өнөөдөр /2018.11.13/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо. 

2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Ипотекийн зээл  нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3578 иргэн орон сууцтай болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай болсон. Оны эцэс гэхэд энэ тоо  нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцолж байлаа.

Ипотекийн зээлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ипотекийн зээлийн бодлогыг валютын нөөцийн бодлоготой уялдуулахын сацуу хөдөө орон нутагт орн сууцжуулах бологоо явуулах ёстой гэж хэллээ. Тэрээр: 

"Ипотекийн зээлийн асуудлыг бодлого, зохицуулалттайгаар явуулах ёстой. Шинэ орон сууцанд орж байгаа материалын дийлэнхи нь импортын бараа. 2009, 2014-2015 оны үед болсон хямрал нь орн сууцны бодлогыг хэтэрхий хавтгайруулсантай холбоотой. Валютын нөөцөд байсан хэдэн доллараа барилгын материалаар эрээн рүү “гөвсөн”. Тиймээс эдгээр хямралууд болсон. Бид зохицуулалттай явуулахгүй бол болохгүй.

Барилгын салбарт хэдий хэмжээний мөнгө нийлүүлэх, барилгын материалын хэдэн хувийг монголдоо үйлдвэрлэдэг болгох зэрэг асуудлыг шийдэхгүй бол валютын нөөцөө алдана.

Улаанбаатарт тав тухтай амьдралыг бий болгоод байвал монгол эзгүйрнэ. Малчингүй болбол Монгол Улсын тусгаар тогтнол бүрхэг болно. Бүгд хотод нэг байртай байхыг бодож байна. Утаа алга болохгүй. Харин хөдөөд залуу малчдыг дэмжих, хөдөө орон нутагт бизнес эрхлэг боломж олгох зэрэг хотоос гаргах бодлогоо нэгдүгээрт тавих ёстой. Ингэвэл утаа, түгжрэл арилна. Хөдөө орон нутагт орон сууцжуулах бодлого явуулах ёстой" гэсэн юм.