2010.02.03

С.Эрдэнэ: Гишүүд гадаад явахаараа казино тоглодог юм билээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газарт зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан зарим аймаг, суманд Засгийн газраас 3.7 тэрбум төгрөг егч буй. Дээрх мөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц дахь "Монгол мал" хөтөлбөрөөс гаргахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр Хууль зүйн сайд болон Шадар сайд М.Энхболдод хандан "Эрдэнэт үйлдвэрийн ажилчид нэг өдрийн цалин болох 150, дээр нь тус үйлдвэрийн удирдлагууд 650 сая төгрөгийг аймгийн 'Засаг дарга, нутгийн зөвлөлд хандивласан байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь улсын мэдэлд байдаг. Улсын үйлдвэр мөнгө цуглуулж, Төрийн бус байгууллагад зарцуулах эрх олгож болдог юм уу. Энэ талаарх хууль эрх зүйн орчин нь ямар байдаг юм. Чоно борооноор гэхчээр энэ байдлыг далимдуулж мөнгө завшиж байгаа юм биш биз. Дээрх мөнгийг одоо баталж буй 3.7 тэрбум төгрөг дээр нэмж, нийт аймаг, сумдад хуваарилж болдоггүй юм уу" гэсэн юм. Түүний асуултад Шадар сайд М.Энхболд "Эрдэнэт үйлдвэр энэ асуудлыг Төрийн өмчийн хороотой ярилцаж байж шийдсэн. Дээрх мөнгөний зарцуулалтад Улсын Онцгой комисс хяналт тавьж, тайланг нь гаргана" гэв. Харин Ц.Нямдорж сайд "Энэ тохиолдол анхных биш. 1997 оны зуднаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус үйлдвэрээс хандив цуглуулж, орон нутагт тарааж байсан. Зуд зурхан болж байхад бусдын зовлонгоор мөнгө халааслах хүн байхгүй байлгүй дээ. Холбогдох газрууд нь хяналтаа сайн тавих хэрэгтэй" гэлээ.

Мөн энэ үеэр сум бүрт бус хүндрэлтэй сумдад мөнгө тараах хэрэгтэй гэсэн саналыг Х.Баделхан гишүүн гаргаж байсан бол Х.Наранхүү гишүүн мөнгө биш, өвс тараах хэрэгтэй. Хэрвээ мөнгө тараавал муудсан, муудаагүй тэжээлтэй нэгэн нь үнээ хөөргөн халаасаа түнтийлгэх болно гэж байлаа. Харин Р.Гончигдорж гишүүн малчид малаа банкинд барьцаалж зээл авсан. Хавар гэхэд малгүй болсон малчдын тоо хэд хүрэх нь тодорхойгүй. Тиймээс малчдын зээлийг хүчингүй болгох, малжуулах төсөлд төлбөргүй хамруулахыг гишүүдэд санал болгож байв. Ингээд Засгийн газарт зөвшөөрөл олгох тухай асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн юм. Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Мянганы сорилтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Дээрх асуудалтай холбогдуулан санал болон асуулт асуух гишүүн байгаагүй учир анхны хэлэлцүүлгээр дэмжив. Үүний дараа УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Х.Загджав нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын казиногийн тухай, Ш.Сайхансамбуу нарын санаачилсан Монгол Улсын эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар тусгасан аж. Дээрх асуудалтай холбогдуулан Н.Батбаяр гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад хандан "УИХ-д өргөн баригдаад хэлэлцээгүй байгаа асуудлыг яагаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй юм. Мөн намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй 30 гаруй хуулийн төсөл байгаа. Тэдгээр хуулийн төслийг оруулах хэрэгтэй" гэв. Тус байнгын хорооны дарга "Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргахдаа байнгын хороодын саналыг авдаг. Дээрх хуулийн төслийг байнгын хороодын дарга нар оруулж ирээгүй учир би дур мэдэн оруулах боломжгүй"  гэлээ.

Харин С.Эрдэнэ гишүүн "Казиногийн тухай хуулийг хэлэлцэхгүй яагаад зугтаад байдаг юм. Л.Гүндалай гишүүн гурван   жилийн өмнө энэ тухай хуулийн төслийг УИХ-ын даргад  өргөн  барьсан байгаа. Гэвч  өнөөг хэрнэ хэлэлцээгүй байна. Гишүүд гадаад   явахаараа казино тоглодог л билээ" гэхэд Ө.Энхтүвшин дарга энэ тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсан юм билээ. Засгийн газраас тодруулахад зарчмын зөрүүтэй санал цөөнгүй гарсан учир дэмжих боломжгүй гэсэн хариу ирүүлсэн" гэв.

Ингээд дээрх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах талаар санал хураахад гишүүдийн олонх нь татгалзсан юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.