Ж.Мөнхбат: Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх заалт яагаад Засгийн газрын гишүүдэд үйлчлэхгүй байгаа юм бэ?
Өнөөдөр /2018.11.21/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
ҮХЦ-ээс Сонгуулийн тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзээд үлдсэн заалтуудыг нь зөрчөөгүй гэж үзжээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байр сууриа илэрхийлэв.
Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлтэй холбоотой зүйлс сүүлийн үед их яригдах боллоо. Засгийн газар чадамжгүй болсон. Нийгмийн бухимдлыг хүргээд байгаа ЖДҮ-тэй холбоотой сайд нартай хариуцлага тооц гэхээр асуудлаа оруулж ирэхгүй байна. Өнөөдөр УИХ хариуцлага тооцож, Ерөнхий аудиторыг ажлаас нь чөлөөлж байна. Ерөнхийлөгчийн институт газрын хэлтсийн дарга нартайгаа хариуцлага тооцсон. Гэтэл Засгийн газар нь байхгүй.
ЖДҮ-гийн сайд нартай хариуцлага тооц гэхээр хотын дарга, бүлгийн даргаа "намнаад" явчихдаг. Сайдын асуудлыг оруулж ир гэхээр агентлагийн дарга, дэд сайд нарыг "намнаад" явдаг.
Сайд нар тэнгэрээс бууж ирээгүй.
Үндсэн хуулийн 14-р зүйлийн "хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна" гэдэг асуудал яагаад Засгийн газрын гишүүдэд үйлчлэхгүй байна вэ? Шударга ёсны илд, сэлэм, сүх нь ажиллахгүй байгаа учраас Засгийн газар огцор гэж шаардаж байна. Ерөнхий сайд сайд нартаа хариуцлага тооцохгүй бол томилсон УИХ нь хариуцлага тооцъё. Чадахгүй бол УИХ чадамжгүй гэж үзээд тарах хэрэгтэй. Цаашдаа хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой зарчмыг биелүүлэх хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороо хуралдахгүй 3 хонолоо. Засгийн газрын гишүүд нь хууль зүйн байнгын хорооны гишүүдийг "битгий орж ир" гээд утасдаад байна. Үндсэн хууль зөрчиж байна шүү дээ.