Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүллээ
2018.11.22

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүллээ

Өнөөдөр /2018.11.22/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа.

Албан тушаал эрх мэдлээ ашиглаж өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байх болзошгүй үйлдэлд УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага болгох Үндэсний аудитны газрын дарга Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Иймээс 2018 оны 11 сарын 14-ний өдөр Ерөнхий аудиторыг төрийн албан тушаалыг хаших ёс зүйн эрх байхгүй гэж үзэн ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж уулзсан. Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13-р зүйлд заагдсаны дагуу ЭНЭ АСУУДЛЫГ ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД албан тушаалаасаа түтгэлзье гэсэн өргөдөл ирүүлсэн. Энэ талаар  холбогдох хууль, хяналтлын байгууллагаас тодорхой албан тоот мэдээлэл авсан. Ингээд төрийн аудитын тухай хуулийн 13-р зүйлийн 13.3 дахь хэсэгт Монгол Улсын аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол шүүхийн шийдвэр гарах хүртэлх УИХ албан тушаалаас нь түтгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна гэж заасан байна. 

Асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уншиж танилцууллаа. 

Тус байгууллагаас Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас чөлөөлөхийг 100 хувийн саналаар дэмжжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва, М.Билэгт нар байр сууриа илэрхийллээ. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.1 хувь нь албан тушаалаас нь чөлөөлөх нь зөв гэж үзэв.