Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагын дээр хөх тэнгэр биш М.Энхболд байна
Өнөөдөр /2018.11.21/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
ҮХЦ-ээс Сонгуулийн тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзээд үлдсэн заалтуудыг нь зөрчөөгүй гэж үзжээ.
Хэлэлүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
ҮХЦ гэдэг бол эрх зүйн хэм хэмжээний дээд оргил, ёс зүйн ноён өндөрлөг байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн ҮХЦ хууль хяналтын байгууллагатай адилхан улс төрчдийн гарт орж, улстөржиж байгаа үйлдэл хэтэрч байна. Хэнтий аймгийн 1 тойрог өнөөдрийг хүртэл гишүүнгүй байна. Бид ээлжит бус чуулган зарлаж, 60 тэрбумтай, Эрдэнэттэй, Стандарт банктай холбоотой асуудлыг ярья гээд 26 гишүүний гарын үсэгтэй бичиг өгсөн боловч ээлжит бус чуулган зарлагдаагүй. Энэ асуудлаар ҮХЦ-д хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.
Монгол Улсын ҮХЦ гэдэг байгууллагын дээр хөх тэнгэр биш М.Энхболд гэдэг улстөрч байна. Одбаяр гэдэг хүнийг М.Энхболд томилсон байж болно. Гэхдээ энэ хоёр хүний хуримыг бэлзэг ҮХЦ байж яавч болохгүй.
Ашиг сонирхлын зөрчилтэй байлаа гээд ҮХЦ гэдэг байгууллагыг арын өрөөний архи уудаг хундагаа болгож болохгүй.
Нэг бол Үндсэн хуулиас УИХ-ын ээлжит бус чуулган зарлага гэдэг хэсгийг хасах, нөгөө бол дагахаас өөр аргагүй.
Над дээр ирсэн тайлбараас харвал 26 гишүүн болоход 2 гишүүний гарын үсэг дутсан гэж байна. 2018 оны 7 сарын 10-ны өдөр 8484 дугаартай бичиг өгсөн. Гэтэл энэ дугаар УИХ-ын тамгын газар дээр өөрчлөгдөөд 8494 гэдэг дугаартай болсон. Гарын үсэг дутсан гэж байгаа гишүүд нь албан бичгээ явуулсаар байтал ҮХЦ М.Энхболдыг хамгаалахын тулд мэлзэж байна. Хууль хяналтылн байгууллагууд дууг дүрсжүүлсэн учраас 60 тэрбумын бичлэг бодитой биш гэж хаасан шиг Монгол Улсын ҮХЦ Үндсэн хулуийнхаа үнэт зүйлээс ухарч байна.