УИХ-ын даргыг ажлаасаа чөлөөлөгдөх албан шаардлага хүргүүллээ
2018.11.22

УИХ-ын даргыг ажлаасаа чөлөөлөгдөх албан шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж,  УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээрээ албан үүргээсээ чөлөөлөгдөх тухай албан шаардлага хүргүүллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: "Цаашдаа ашиг сонирхлын зөрчилдөө удирдуулсан УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ зөрчлийг арилгах ёстой. УИХ-ын дарга ард түмнээрээ дүнгээ тавиулсан. Хариуцлагын асуудал ярихаар гишүүдээ хувааж талцуулан, нэг талд нь ордог. Ийм явдлыг тэвчихгүй. Тиймээс УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүн энэ асуудлыг шийдтэл хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга УИХ-ын тухай хуулийн 10.2-т заасны дагуу албан үүргээ хүлээлгэн өгч, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстой. Тэр хүртэл бид байр сууринаасаа ухрахгүй."

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "УИХ-ын дарга М.Энхболд ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл бид чуулганы хуралдаанд оролцохгүй. Сүүлийн 2 жилийн хугацаанд олон удаа нийтийн сонсгол зохион байгуулах тухай санал гаргасан ч зохион байгуулаагүй. 60 тэрбумын асуудал шийдэгдэхгүй шүүхийн байгууллагад гацаасан. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй. Энэ мэт хууль бус, Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр ҮХЦ-д хандсан. УИХ-ын дарга М.Энхболд хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлал гуйж огцрох ёстой гэж үзэн УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг зураад байна."

УИХ-ын гишүүн Л.Болд: "УИХ-ын дарга бол УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах ёстой. Гэтэл тэгэж чадахгүй байна. УИХ-ын ирц бүрдээгүй байхад хүчээр хуралдуулж, нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой Засгийн газрын асуудлыг ч хэлэлцэхгүй байна. Тиймээс М.Энхболд дарга ажлаас чөлөөлөгдөх ёстой. АН-ын Улстөрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлсэн. Харин бид өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга огцрох ёстой гэж үзэж байгаа юм." гэлээ.