М.Энхболд: Шударга ёсыг хоосон сүржигнэлээр биш, бодит ажлаар тогтоох ёстой
Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатарын хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.
-Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцах гэж байна. Та сайхан өвөлжиж байна уу?
-Налгар сайхан намар боллоо. Өвөл өнтэй болох байх аа. Яагаад гэвэл өвлийн сар сайхан эхэлж байна. Харамсалтай нь улс төр жаахан халуухан нөхцөлтэй энэ өвлийг эхлүүлж байна даа.
-Харин тийм байна. Яригдаж байгаа сэдвүүд дотор Таны нэр дурдагдаж байгаа. Иргэд, олон нийт гайхашрал, хүлээлтийн байдалтай байх шиг. Яах ёстой вэ. Та үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Сүүлийн үед УИХ дээр зарим нэг гацаа үүсэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүд ирцээ 50-иас дээш хувьд хүргэж, хэлэлцэх ёстой асуудлуудаа, нэн ялангуяа хугацаатай хэлэлцэх асуудлуудаа хугацаанд нь хэлэлцэж, шийдвэрлэж чадаж байгаа. Ийм байдал яагаад үүссэн бэ гэдэгт би тодорхой хэдэн зүйл хэлье гэж бодож байна.
Улсын Их Хурал Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан, ялангуяа Монгол орны эдийн засаг, нийгмийн болон иргэдийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд маш шуурхай ажиллаж байгаа. Нэг ч асуудлыг хойшлуулж буцаалгүйгээр, Байнгын хороо, чуулганаар сайжруулж, баталж ажиллаж байгаа.
Гэтэл сүүлийн үед Засгийн газрын тэргүүн, Засгийн газрын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг бойкотлохыг санаархах боллоо. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.
Засгийн газар бол Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангаж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болохоос биш УИХ-даа бойкот хийгээд хуралдаа орж ирэхгүй, асуудлыг хэлэлцүүлэхгүй гацааж байдаг байгууллага биш ээ.
Өргөн барьсан сайдыг нь томилоод өгье гэхээр Ерөнхий сайд нь ирдэггүй, УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгад хариулт авъя гэхээр хариуцаж байгаа сайд нар нь ирэхгүй байх жишээтэй.
Өнөөдөр валютын ханшийн хурдацтай өсөлт, бензин, шатах тослох материал, бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, өвөлжилтийн бэлтгэл гээд шийдвэл зохих олон чухал асуудал байна. Энэ талаар юу хийж байгааг сонсож, шаардлагатай шийдвэрүүдийг гаргахын тулд гишүүд асуулга тавьж мэдээлэл авъя гээд бүтэн хоёр 7 хоног хүлээж байна.
Сүүлийн 2 сарын дотор дизелийн түлшний үнэ гэхэд 2100-гаас 2380 хүрч өсчихөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй, нөхцөл байдлаа УИХ дээр ярихгүй, ирэхгүй байна. Би үүнийг улс орны хэмжээний тулгамдсан асуудалд Засгийн газар маш хариуцлагагүй хандаж байна гэж үзэж байна.
Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын зарим гишүүд Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байх талаар гишүүдэд ухуулга ятгалга хийж, Их Хурлын гишүүний эрхэнд ч халдаж байгаа.
Би энэ байдлыг Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын дээр улс төрийн нам гарсан, намын шийдвэрээр УИХ-ын үйл ажиллагааг зогсоож байна гэж харж байна.
Парламентын нэр хүнд бүрэн дүүрэн сайн байгаа гэж би хэлэхгүй ээ. Гишүүд янз бүрийн асуудалд холбогдож байгааг буруушааж байна. Үүнийг хууль хяналтын байгууллагууд нь шалгах ёстой. Гэхдээ парламент үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд тасралтгүй явуулж байх учиртай.
-Гэтэл парламентыг тараах асуудлыг хөндөж байгаа. Бас Таныг ажлаа өгөхийг шаардаж байгаа. УИХ тарах нь хэнд ашигтай байж болох вэ?
-Надад хариуцлагаас зугтаад, УИХ-ын даргын албан тушаалд шигдээд, зууралдаад байя гэсэн бодол байхгүй.
Би Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч, Намын даргын албан тушаалыг өгч байсан. Би төрийн өндөр албан тушаалтай зууралдаад байдаг хүн биш.
Та бүхэн мэдэж байгаа, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилга гаргаж, зөвшилцөх бичгийг надад ирүүлсэн. Би энэ бичгийн хариуг өгөхдөө “Таны саналыг хүлээж авах боломжгүй байна” гэдгээ мэдэгдээд, төгсгөлд нь Та Үндсэн хуулиар улс орны тогтвортой байдал, монголчуудын эв нэгдлийг хангах үүргийг хүлээсэн хүн шүү. Үүнийг анхаарч ажиллаарай гэж хүссэн.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр би УИХ-ыг тараах асуудлыг ярина гэсэн. Засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэдийг олноор нь, зориудаар зохион байгуулан цуглуулж, жагсаал цуглаанд турхирч байгаа үйлдлийг би Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого гэж үзэж байна.
Тиймээс миний бие ийм цаг үед энэ ажил албан тушаалыг өгөөд, хариуцлагаас зугтах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
Тэр ч бүү хэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр миний байр суурь ганцаардах явдал нэг бус удаа гарч байгаа. Гэхдээ би гаргасан санал, хэлсэн үгээ хамгаалж, ҮАБЗ-ийн зөвлөмж шийдвэрт оруулж тусгаж байгаа.
Намайг гүтгэж, дайрч, доромжилж болно. Би үүнд тэвчээртэй хандана. Харин төрийн эрх барих байгууллага руу дайрах, үйл ажиллагааг нь тасалдуулах явдал хэрхэвч байж болохгүй.
Би олон жил төрийн алба хашсан. Эв нэгдлийг эрхэмлэх, хэрүүл маргаан үүсгэхгүй байх, тэвчээр хүлээцтэй байх нь миний баримталдаг зарчим.
Монгол төрийн тогтвортой байдал Засгийн газар тогтвортой байхаас хэд дахин үнэ цэнэтэй юм шүү.
Монголын ард түмэн итгэл үзүүлж, энэ парламентыг нэг нам давамгайлсан байдлаар байгуулж өгсөн. Тэр итгэлийг дааж ажиллахын төлөө л бид зүтгэх ёстой болохоос биш талцаж хуваагдаж, хариуцлагаас бултаж, сүржин үг, хоосон лоозогнол хэлж, байдлыг улам хурцатгаж асуудалд хандаж болохгүй гэж би үзэж байгаа.
-МАНАН гэдэг бүлэглэл байна, Таныг энэ бүлэглэлийн толгойлогч нь гэж ярих боллоо. Бас шударга бусын хонгил гэдэг зүйлийн талаар зарим улстөрчид ярьдаг. Үнэхээр МАНАН, Шударга бусын хонгил гэж байдаг юм уу. Үүнд Та бодитой хариулт өгөөч.
-2004 оноос хойш хэд хэдэн удаа хамтарсан Засаг байгуулагдлаа. Би заримыг нь толгойлж, заримд нь орж ажиллаж явсан. Хамтарсан Засгийн газруудын гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд оноотой ч юм бий, алдаатай ч юм бий. Алдаатайг нь ил далд, нууц хулгайн аргаар хамтран хийсэн гэж олон түмэнд итгүүлэх зорилготойгоор зарим хүмүүс улс төрийн бодлого, зорилготойгоор МАНАН гэдэг нэр өгч, ярьдаг. Үнэхээр ийм зүйл бодитой байгаа бол түүнийг шалгах ёстой.
Би 2005 онд тухайн үеийн МАХН-ын даргаар сонгогдоод, 2 намын хамтарсан 67-гийн “бүдүүн бүлэг”-ийг тарааж байсан. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа МАХН, АН-ын хамтарсан бүлэг салах ёстой, байр байрандаа очих ёстой гэж үзээд, АН-ын 23 гишүүнтэй зөвлөлийг байгуулж байсан. Улмаар 67-гийн бүлэг дээр суурилж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан.
Харин өнгөрсөн сонгуулиар парламентад 65 суудалтай болгоод, МАНАН гэдэг нэртэй хамтарсан Засгийн газар байгуулахгүй байх улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлчихээд би МАН-ын даргын албан тушаалыг хүлээлгэж өгсөн. Харин шинэ МАНАН үүсчих вий гэдгээс эмзэглэж байгаа. Шинэ МАНАН үүсэж байна уу даа гэж надад ажиглагдаж байгаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ 60 тэрбум бол үнэн, газар зарсан асуудал ч үнэн гэж хэлсэн. Энэ асуудал дээр Та ямар хариулт өгөх вэ?
-60 тэрбумын гэдэг асуудал сүүлийн 2 жил гаруй яригдаж байна. Энэ бол яриа. Энэ бол улс төрийн хэтрүүлэг, дэврүүлэг. Улс төрийн ашиг хонжоо олох гэсэн үйлдэл. Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд хууль хяналтын байгууллагууд үүнийг нэг бус удаа шалгасан. Шийдвэрүүд нь гарсан.
Ерөнхий сайдын мэдлийн Тагнуулын ерөнхий газар дээр энэ асуудлыг дахин хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Би сайн шалгаж, үнэн бодит байдлыг олон түмэнд ил тод, нээлттэй танилцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Газрын наймаа гэдэг бол намайг хотыг даргаар ажиллаж байсантай холбогдуулж өгсөн нэр хоч. Би газар олгож байсаан. Гэхдээ газар зарж байгаагүй. Миний олгосон газар дээр Улаанбаатар хотод хэчнээн мянган айлын орон сууцны хорооллууд бий болов, хэдэн мянган ажлын байр бий болов, Улаанбаатар хотын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв гээд сайн талаас нь харах юм бол бас ч багагүй зүйлүүд бий. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар олгож, бүтээн байгуулалт хийх боломж, нөхцөлийг нь бүрдүүлэх явдал үе үеийн хотын даргын үүрэг.
Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч гэсэн хотын даргаар ажиллаж байхдаа Төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр 6-7 давхар байшин барьж, тэрнийгээ зарж борлуулсан байх. Тэрнийгээ өнөөдөр намайг газар зарсан мэтээр андуурч, сольж яриад байгаа юм болов уу?
Энэ дашрамд томоохон дуулиантай хэргүүдэд Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд анхаарал тавьж ажиллах ёстой гэж үзэж байна. Жишээ нь, Оюутолгой, Эрдэнэтийн асуудал байна. Энэ хоёр асуудлыг шалгана, шийднэ гэж хоёр ч Засгийн газар ажиллалаа. Эрдэнэтийн асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд нийцсэн тогтоол, шийдвэрээ гаргаж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэтэл яагаад Эрдэнэт, Оюутолгойн, төмөр замын 700 тэрбум төгрөгийн, АСЕМ-ийн, ЖДҮ-ийн сангийн зээлийн асуудлыг шалгах асуудлыг зогсоогоод байгаа хүн нь ганцхан хүн, зөвхөн хууль тогтоох байгууллагын удирдлага болж хувирдаг юм?!
Засгийн газрын харьяа Тагнуул, Цагдаагийн байгууллага ажлаа хийх ёстой. Үнэн зөвөөр нь шалгаж тогтоох ёстой. Чадахгүй, хийхгүй байгаа учраас УИХ зарим нэгэн дээр нь Ажлын хэсэг хүртэл байгуулсан. Энэ Засгийн газрыг байгуулагдсанаас хойш 8-9 сар хүлээгээд Оюутолгой, Эрдэнэтийн асуудлаар тодорхой шийдвэр гаргахгүй болохоор нь би Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Оюутолгойн ажлын хэсгийг байгуулсан. Гурван сар хэртэй ажиллаад дүнгээ гаргаж байна. Я.Санжмятав гишүүнээр ахлуулаад Эрдэнэтийн асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Мөн л шалгаад дуусаж байгаа.
Өчигдөрхөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх болон Засгийн газрын бусад сангуудын үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх Түр хороо байгуулах гишүүдийн санаачилгыг хүлээж авсан. Байнгын хороогоор хэлэлцүүлж, ирэх 7 хоног гэхэд Түр хороог байгуулж өгнө гэж бодож байгаа.
Энэ мэт асуудлуудыг шалгах, тогтооход анхаарал тавихгүй хэрнээ Засгийн газартай хариуцлага тооцох, огцруулах асуудлыг тавихаар шударга үнэний төлөө тэмцэлд саад болж байна гэж хоосон сүржигнэж болохгүй ээ.
Шударга ёсыг бодит ажил хэрэг, үйл ажиллагаагаар тогтоох ёстой.
-Танд баярлалаа.