"Жижиг дунд үйлдвэрлэлийг Жинхэнэ эздэд” сэдэвт зөвлөгөөн боллоо
ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон.
Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад буй.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа нар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтран “Жижиг дунд үйлдвэрлэлийг Жинхэнэ эздэд” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн А.Ундраа зөвлөгөөний үеэр Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нэгдсэн. Уг зорилтын томоохон хэсэг болсон ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгоход жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь туйлын чухал. ЖДҮХС-гийн зээлийг зорилтот бүлэгт нь хүргэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц, шийдлийг тодорхойлоход энэхүү зөвлөгөөн түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Их Сургуулийн профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “ЖДҮ-ийн талаарх судалгаа, зөвлөмж” сэдвээр итгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ, “ЖДҮХС-гийн зээлд 2009-2016 оны хооронд 754.5 тэрбум төгрөг зарцуулсан. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдалд хийсэн 2017 оны түүвэр судалгаанд статистик түүврийн аргаар Улаанбаатар хотоос 1,000, аймгуудаас 30-50 буюу нийт 1,850 жижиг, дунд үйлвэрлэгчдийг сонгосон. Судалгаанд оролцсон ЖДҮ эрхлэгчдийн 79% нь зөвхөн нэг чиглэлээр бизнес эрхэлдэг бол үлдсэн хувь нь олон төрлийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байна.
ЖДҮ эрхлэгчдийг өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл дийлэнх хэсэг буюу 97% нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна.
Харин гадаадын хөрөнгө оруулалттай 1 хувь, холимог өмчлөлтэй ЖДҮ эрхлэгчид хувийг эзэлдэг.
Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай ЖДҮ эрхлэгч нар түлхүү оролцсон. Үйл ажиллагааны төрлийн тухайд санал асуулгад:
- оролцогчдын ихэнх нь буюу 74% нь худалдаа болон үйлчилгээ,
- 13% нь үйлдвэрлэл,
- 5% нь хөдөө аж ахуй,
- 4% нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Мөн ЖДҮ эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулж буй хугацаагаар авч үзвэл:
- 14% нь 1 жил хүртэлх,
- 19% нь 1-3 жил,
- 19% нь 3-5 жил,
- 23% нь 5-10 жил,
- 25% нь 10 дээш жил үйл ажиллагаа эрхэлж байна.
ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх буюу 84% нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай байдаг. Харин 13% нь 10-49 хүртэлх тооны ажиллагсадтай бол 50-аас дээш тооны ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид нийт оролцогчдын 4%-ийг тус тус эзэлж байна” гэж онцлов.
Дээрх судалгааны дүнгээс үзвэл 500 саяаас нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ЖДҮ эрхлэгчид цөөн байгаа юм.
Өнөөдрийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнд оролцогчид төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлж, ЖДҮХС-ийн үйл ажиллагааг шилэн болгох, зээл авахад шаардагдах хөрөнгийн барьцааг уян хатан нөхцөлтэй болгох, ЖДҮХС-г бие даасан агентлагт хариуцуулах зэрэг хэд хэдэн асуудлуудыг хөндөж, өөрсдөд тулгарч буй бэрхшээлүүдийг ярьж байлаа.
Уг зөвлөгөөнөөс УИХ, Засгийн газарт ЖДҮХС-д анхаарал хандуулж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан албан бичиг хүргүүлэх, зөвлөгөөнд оролцогчдоос Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн дараагийн ээлжит зөвлөгөөнийг ирэх онд хийхээр болсноор өндөрлөлөө.
“Жижиг дунд үйлдвэрлэлийг Жинхэнэ эздэд” сэдэвт зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол болон аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.