2018.11.23
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын өнөөдрийн /2018.11.23/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар УИХ-аас баталсан 2019 оны Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хориг болон пүрэв гаригт чуулганы хуралдаанд оруулж ирсэн тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой байсан.
Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригтоо тодотгол хийснийг УИХ-ын дэгийн тухай хуулиар хэрхэн хэлэлцэх нь тодорхойгүй байдал үүссэн учраас Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод дахин хуралдах ёстой. Мөн УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж өчигдрийн хуралдаанд оролцсон гишүүд горимын санал гаргаж байсан.
Харин өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн завсарлага авахыг хүслээ.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг 14 хоногт багтаан УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Тиймээс МАН-ын бүлэг шуурхай хурлаа зохион байгуулж, хуралдаж дуустал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа.