О.Баасанхүү: Би гурав хоног бүлгийн дарга хийсэн хүний хувьд АН-ын зовлонг ойлгож байна
2018.12.06

О.Баасанхүү: Би гурав хоног бүлгийн дарга хийсэн хүний хувьд АН-ын зовлонг ойлгож байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-УИХ дахь АН-ын бүлэг тарах нөхцөл үүсээд байна. Хэрвээ АН бүлэггүй болчихвол УИХ сөрөг хүчингүй болох эрсдэлтэй болно. Та хувь гишүүнийхээ хувьд үүнийг хэрхэн үзэж байна вэ?

-УИХ-д сөрөг хүчин байгаа шүү дээ. Хуурамч сөрөг хүчин сүүлийн үед илчлэгдээд байна. МАН-ын залуучууд хулгайч. Ахмад хулгайч нартайгаа барьцаад сууж байгаа. АТГ залуу хулгайчдыг нь барих гээд хөгшин хулгайчдыг нь өршөөснөөс болоод энэ тэмцэл өрнөөд байгаа.

-Л.Болд гишүүн намаасаа гарах хүсэлтээ өгсөн учраас АН бүлэггүй болох нөхцөл үүссэн. АН-ынхан таныг намдаа орох санал тавина гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэрвээ танд АН-д орох санал тавивал та хүлээж авах уу?

-АН-ынханд хохино гэж хэлмээр байгаа юм. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг үг бий. Өмнөх парламентад зүгээр ажиллаж байсан “Шударга ёс” эвслийн бүлгийг Н.Батцэрэг, Л.Цог нарт албан тушаал амлаад тараасан. Гурав хоногийн бүлгийн дарга хийж үзсэн хүн энэ зовлонг ойлгож байна. Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, З.Энхболд нийлээд манай бүлгийг задалж л байсан шүү дээ. Юу тарина түүнийгээ л хурааж авна. Манайх арваннэгүүлээ байхдаа бүлэг задарч байсан. Одоо АН-ын бүлэг есүүлээ байж задарч байна. Хохино л байхгүй юу. Хулгай хийгээд хулгайнхаа зовлонг амсаж байна. Хуйвалдаан тариад хуйвалдааныхаа зовлонг амсаж байна. Одоо юундаа гоншгоноод байгаа юм.

-Таныг АН-д элсэх санал тавивал хүлээж авахгүй гэж ойлгож болох уу?

-Би намтай хүн. Намтай хүнийг намаасаа гараач гэж юу яриад байгаа юм бэ. Намайг зарим хүмүүс яагаад С.Жавхлан эд нар шиг Засгийн газраа дэмжээгүй юм бэ гэж асууж байналээ. У.Хүрэлсүхийг хүн шанаадаад уур нь намдаагүй байхад би өрөөнд нь ороод “хүн хавчигдаж шахагдахын зовлонг би мэднэ. Тантай хуурай ах, дүү болъё” гэж байсан. Ерөнхий сайд бид хоёр хуурай ах дүү, сайд нартай зарчимтай нь гайгүй найз нөхөд. Тэр утгаараа хүнийг нь бодсон ч Засгийн газрыг дэмжмээр байгаа юм. Гэхдээ би чинь нам толгойлж байгаа хүн. Манай намын бодлого ипотекийн зээлийн хүүг бууруулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, таван үйлдвэр барих. Хэрвээ МАН үүнийг хийчихвэл би МАН-д элсэнэ. Гэхдээ МАН үүнийг хийхгүй гэдэг нь ойлгомжтой. ЖДҮ-чин хулгайч нараа дэмжиж байгаа учраас би намаа бодож, тэд биш бид хийнэ гэдэг намынхаа бодлогыг бодож Засгийн газрыг унагаахын талд байгаа. Түүнээс өөрийгөө гоё харагдуулах гэвэл би Засгийн газрыг дэмжиж болно. Гэтэл нам гэдэг бол хувь хүн биш. Энэ бол бодлого, институт. Тиймээс хэн нэгэн  хадаг бариад ирэхээр дагаад гүйчихдэг юм биш. МАХН-аа авч чадахгүй бол харин өөр асуудал. Би Н.Энхбаяр даргад албан ёсоор “Н.Энхбаяр даргаа та бол миний ах. Гэхдээ таны бодлого буруу байна. Та үнэгүй орон сууц өгье. Үнэгүй эмнэлгийн үйлчилгээ өгье гэж яриад байна. Үнэгүй юм гэж дэлхийн хаана ч байхгүй” гэж хэлсэн. Бидний бодлого зөрөөд байгаа учраас бид шинэчлэл хийж байна гэж яриад байгаа. Шинэчлэлд ялагдах уу, ялах уу гэдэг цаг хугацааны асуудал.

-Та улс төрд болж өнгөрсөн үйл явдлыг Ерөнхийлөгчийг хаан болгохын төлөөх дайн боллоо гэж хэлсэн. Энэ МАН-ын дотоодын хагарал биш юм уу?

-Үндсэн хуулийн шинэчлэл гэж бүгдээрээ яриад л, Ерөнхийлөгчийн засаглал, ШХАБ энэ тэр гэж яриад л маргаан үүссэн. Төрийг замхруулж байгаа зорилго юм уу хаашаа юм. Ерөнхийлөгч бид хоёр бас ойрхон. Гэхдээ зарчим дээр бид хоёр эсрэг байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ядарч явахад, Баянгол дээр баригдах гээд явж байхад би очиж байсан. Ерөнхийлөгч монгол ухаан, монгол сэтгэлтэйгээ байгааг  нь дэмждэг. Гэхдээ бодлого ярихын оронд хооронд нь хагаралдуулж, бусниулж, сүйрүүлж байгааг нь эсэргүүцнэ. АН-ын бүлгээ Ерөнхийлөгч өөрөө л задаллаа шүү дээ.