С.Эрдэнэ: Надад хэн нэгний мууг үзэх сонирхол алга
2010.12.14

С.Эрдэнэ: Надад хэн нэгний мууг үзэх сонирхол алга

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын даргаа өөрийг нь тагнаж чагнасан хэмээн хэвлэлийн хурал зарлаж, энэ асуудлыг нь шийдэж өгөхийг Д.Дэмбэрэл даргаас  хүссэн. Тэрээр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл өгсөн байна. Ардчиллын 20 жилийн ойгоор Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Тусгай хяналтын дэд хорооноос дуудаж асуулга авсан тухай "бор шувуу" шаргал ордонд нисэж явна. Энэ яриа үнэн эсэх талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулав.

-Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг таныг тагнаж шалгасан гэх асуудлаар Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар өргөдөл өгсөн юм уу?

-Би Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл өгсөн. Надад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж бий. Намын дарга нь Улсын их хурлын гишүүнийхээ бүрэн эрхэд халдаад, тагнаж чагнаснаа гайхуулаад байж болох уу. Би үүнийг л шалгуулахыг хүссэн. Түүнээс биш надад хэн нэгний мууг үзээд байх сонирхол алга.

-Таны өргөдлийн мөрөөр ямар ажил хийж байгааг танд хэлсэн үү. Ардчиллын ойгоор Н.Алтанхуяг даргыг дуудаж уулзсан гэх юм?

-Би сайн мэдэхгүй байна. Надад таны өргөдлийн дагуу ингэлээ тэглээ гэж мэдэгдээгүй. Дүгнэлт гарахаар хэлэх байлгүй дээ.

-Тусгай хяналтын дэд хороо шалгаж дүгнэлтээ гаргавал УИХ-аар энэ тухай хэлэлцэх болов уу?

-Ямар дүгнэлт гаргахыг би мэдэхгүй. Хуульд юу гэж заасан байдаг юм.Ямар ч гэсэн намайг Н.Энхбаяртай есөн удаа уулзсан гэж онцолсон. Би гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай зөндөө уулзсан. Ямар есөн уулзалтыг онцлоод байгаа юм. Тэгээд ч Н.Энхбаяртай уулзаагүй хүн гэж байдаг юм уу. Н.Энхбаяртай уулзсан хүн ер нь яадаг юм. Миний хувьд Н.Энхбаяртай сонгуульд тулж өрсөлдөж байсан. Би 1989 оноос эхлээд л ардчиллын төлөө явсан. Энэ хугацаанд намын дарга ч байж үзсэн. Улс төрийн болоод төр засгийн ажлын асуудлаар уулзах үе зөндөө байсан. Аль уулзалтыг нь онцлоод байгаа юм бэ. Н.Алтанхуяг "Хэнээс ямар мөнгө аваад намын эсрэг ажлыг санхүүжүүлээд байгааг чинь мэднэ шүү" гэж хэлсэн. Бид хариуд нь "Та тагнуулын төв газрын дарга юм уу" гэхэд "Бид мэддэг юм. Тэнд манайхны хүн байдаг юм шүү дээ" гэж хэлсэн. Бүлгийн гишүүд сонсож байсан. Энэ бүхэн нэг бол гүтгэлэг, эсвэл намайг чагнасан хууль бус үйлдэл. Аль нь ч байсан Н.Алтанхуяг хариуцлага хүлээх ёстой. Хэрэв гүтгэсэн бол би Ёс зүйн дэд хороонд хандана. Харин тагнаж чагнасан бол тэр Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.