УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар асуулга тавьжээ
2018.12.07

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монгол Улсын Ерөнхий сайдад мэдээлэл, харилцаа холбооны салбарын зарим үзүүлэлт, өнөөгийн байдлын талаар асуулга тавьжээ. 

"Мэдээлэл, харилцаа холбооны дэвшил нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн хүрээнд гүнзгий нэвтэрч, иргэд, байгууллага, төрийн бүхий л үйл ажиллагааны салшгүй хэсэг боллоо" хэмээн Ё.Баатарбилэг гишүүн дурджээ. 

Тэрээр: 

  • Үүрэн холбооны хэрэглээ, хүртээмж, хамрах хүрээний өнөөгийн байдал, олон улстай харьцуулахад ямар түвшинд байгаа талаар
  • Хөдөлгөөнт болон суурин интернетийн үйлчилгээний үнэ тарифын өнөөгийн байдал, олон улстай харьцуулахад ямар түвшинд байгаа талаар
  • Монгол Улсад үндэсний дотоод роумингийн үйлчилгээг нэвтрүүлэх боломж, хэрэгцээ, шаардлага, энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
  • Үүрэн холбооны үйлчилгээний нэг хэрэглэгчийн дундаж орлогын түвшин, бүтэц, олон улстай харьцуулахад ямар түвшинд байгаа талаар болон хэрэглэгчийн төлбөрийн чадварт нийцэж байгаа эсэх
  • Сүүлийн үед зах зээлд финтек шийдэл бүхий үйлчилгээ эрхлэгчдийн (lend.mn гэх мэт) хүүгийн түвшин, холбогдох үйлчилгээний шимтгэл, хураамжийн өнөөгийн байдал, эдгээрийн зах зээл болон хэрэглэгчдэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийн талаар
  • Цахим мөнгөний (candу гэх мэт) талаар баримталж буй бодлого, зохицуулалтын орчны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, эдгээрийн банк санхүүгийн салбарт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн талаар (зээл олгох нөхцөлүүд, зээлийн хүү болон банк санхүүгийн үйлчилгээний хураамжийг бууруулах, харилцагчдын эрх ашгийг дээдлэх гэх мэт чиглэлээр)
  • Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, эрсдлийн түвшин, цаашид энэ чиглэлээр тавьж буй зорилт, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар
  • Интернет орчинд хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах бодлого, зохицуулалтын өнөөгийн байдал, түүний хэрэгжилтийн талаар асуужээ.