2018.12.17

"Шилдэг бизнес төсөл -2019" уралдаан эхэллээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Шилдэг бизнес төсөл -2019” уралдааны нээлт МҮСТӨ-нд боллоо.

Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд урлаг соёл, спортын олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж, хичээл, сурлагын олимпиадууд болдог. Эдгээрийн дундаас хүүхэд бүрийн сонирхлыг хамгийн ихээр татаж, жилээс жилд оролцогчдын тоо нь нэмэгдэж, ирж байгаа бүтээлүүд чанаржиж байгаа нэгэн уралдаан бол “Шилдэг бизнес төсөл” юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж буй "Шилдэг бизнес төсөл" уралдаан бусдаасаа онцлогтой. Сурагчдын сэтгэлгээ, бизнес санааг хөгжүүлж, цаашлаад Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц бизнесийн төслийн санааг дэмжиж, хамтран ажиллах боломжийг судлан нээж илрүүлэх зорилготой аж.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Шилдэг бизнес төсөл -2019" уралдааны нээлтийн үеэр

Өнөөдрийн уралдааны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ирж, сурагчдадаа урмын үг хайрлан, өөрийн бизнес эрхэлж эхэлсэн түүхээ хуваалцсан юм. “Та бүхэн бизнесийг голохгүйгээр хийх ёстой. Ээж, аавынхаа санал болгож буй буриад гутал оёх, бэлэг дурсгалын зүйл хийх зэрэг санаануудыг голох хэрэггүй. Эхлүүлээд, ажиллаад явж байх явцдаа та бүхэн маш их зүйлийг сурна. Яаж бараа нийлүүлэх, хураах, гэрээ борлуулалт хийх зэрэг маш олон зүйлийг өөрийн болгож авна. Та бүхэн маш тууштай байх ёстой. Аливаа эхлүүлсэн зүйлдээ маш их тууштай хандах хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар захисан юм.

Баянгол дүүргийн ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдын дунд зарласан уг тэмцээн нь 100 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд өнөөдрөөс эхлэн төслийн материалыг хүлээн авч эхэллээ. Төслийн уралдаан нийт 3 үе шаттай явагдана. Эхний шатанд ирүүлсэн төслүүдээс шилдэг 30 төслийг 2-р шатанд шалгаруулна. Харин 2-р шатанд шалгарсан суралцагчид төслөө хамгаалж, 3-р шатанд шилдэг 8 төсөл шалгарна. Эдгээр 8 төслийн эздийг уралдаан зохион байгуулагч, шүүгчийн бүрэлдэхүүнтэй шилдэг төслийг шалгаруулах юм.

Уралдааны бүртгэл 2019 оны 3 сарын 13-ны өдөр хүртэл тухайн сургуулийн сургалтын албанд явагдах юм. Уралдаанд бүртгүүлсэн сурагчид төслийн материалаа 2019 оны 4 сарын 13-ны дотор өгөх ёстой юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн сурагчид

ШАГНАЛЫН САН:

  • 1-р байр: нэрэмжит цом, өргөмжлөл, 10 сая төгрөг
  • 2-р байр: нэрэмжит цом, өргөмжлөл, 5 сая төгрөг
  • 3-р байр: өргөмжлөл, 3 сая төгрөг
  • Шилдэг 30 байр тус бүрт 1 сая төгрөг

Төсөл боловсруулахад тавиагдах техникийн шаардлага:

  • Font: Arial, size 12
  • Margin normal
  • M5 word, PDF file,
  • Paragraph 1.5