ЕБС-ийн дотуур байрын орчин, үйлчилгээний стандарт батлагдан гарна
2018.12.18

ЕБС-ийн дотуур байрын орчин, үйлчилгээний стандарт батлагдан гарна

Монгол орны боловсролын салбарт малчдын хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд хамгийн чухал зүйл бол дотуур байрын үйлчилгээний чанар юм. Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-ийн 522 дотуур байранд 34,7 мянган хүүхэд амьдарч, 623 дотуур байрын багш ажиллаж байна. Дотуур байранд амьдарч байгаа нийт хүүхдүүдийн 82 хувь нь малчин өрхийн хүүхдүүд байна.

"Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин" үндэсний зөвлөгөөн болон “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж “ЕБС-д суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ”-ний стандартыг боловсруулахыг үүрэг болгосон.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2017 онд зохион байгуулсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус хангамж, ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал” судалгааны үр дүнгээс үзэхэд нийт дотуур байрны 71 хувь нь төвлөрсөн бус усан хангамжтай, 61 хувь нь гадаа байрлах нүхэн жорлонтой, 17 хувь буюу 68 дотуур байр дотор байрлах ариун цэврийн өрөөтэй байна. Дотуур байрны 56 хувь нь сурагчдын халуун усанд орох боломжийг бүрдүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад жилийн 9 сард эцэг эх, гэр бүлээс хол амьдарч буй малчин өрхийн 6-18 насны хүүхдийн дотуур байрны орчин нөхцөл, үйлчилгээ харилцан адилгүй байна.

Дотуур байрны сурагчдын амьдарч, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрхийг дээдэлсэн, тэдний сэтгэл хангалуун, амжилттай сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “ЕБС-д суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ”-ний стандартын төслийг боловсруулсан ажлын хэсэг өнөөдөр БСШУС-ын сайдын Зөвлөлийн хуралд танилцуулж, зөвлөлийн гишүүд Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж батлуулахыг дэмжлээ.

Дотуур байрын орчин, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтоох зорилго бүхий уг цогц стандарт нь 10 бүлгээс бүрдэх бөгөөд дотуур байрны үйлчилгээ эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллагууд заавал хэрэгжүүлэх юм.

Дотуур байрын орчинд тавих шаардлага, дотуур байрны үйлчилгээ, хүний нөөцөд тавих шаардлага, цэвэрлэгээ, ариутгал, засвар үйлчилгээ, аюулгүй байдал ба тамхины эсрэг зохицуулалт, хориглох зүйл зэргийг нарийвчлан тусгасан. Тухайлбал дотуур байрны 50 хүүхэд тутамд нэг багш ногдох, 5-аас доошгүй жил хүүхэдтэй ажилласан туршлагатай байх гэх мэт чухал заалтууд багтаад байна.  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, энэхүү стандарт батлагдаж, мөрдөгдөж эхэлснээр хөдөөгийн малчдын хүүхдүүд өөрийн хоёр дахь гэр болсон дотуур байранд сурах, амьдрах эрхээ бүрэн дүүрэн эдлэх юм. Хүүхэд бүр аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд сурч, боловсрох ёстой. Энэ утгаараа өндөр ач холбогдолтой, боловсролын салбарын чухал баримт бичиг болох юм гэлээ.