Ж.Мөнхбат: УИХ-ыг тараахаар 15 гишүүн гарын үсгээ зураад байна
2018.12.27

Ж.Мөнхбат: УИХ-ыг тараахаар 15 гишүүн гарын үсгээ зураад байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна. 
–УИХ-ын үйл ажил-лагаа гацсан ийм үед МАН дотооддоо үл ойлголцолтой, төрийн бодлого шийдвэрийн талаар авч байгаа арга хэмжээ байхгүй байна. Та бүхэн улс орны эрх ашиг биш зөвхөн өөрсдийн дотоод хэрүүлийг байнга хэвлэлээр ярьж байна. Энэ асуудлаа хэзээ зогсоох вэ?
 -Монгол Улсын парламент хүнд байдалтай байгаа. Гацаа арилах ёстой гэдэг зарчмыг баримталж байгаа гишүүдийн төлөөлөл нь би. Намын бага хурал, Удирдах зөвлөл, бүлгийн хурал дээр ярьсан. Харамсалтай нь манай намын хэсэг гишүүд УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурчихсан, гацаад байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ч мөн хэлсэн байгаа. Гишүүдийн тавьсан шаардлагыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Би гишүүнийхээ хувьд үнэхээр ойлголцож чадахгүй бол Засгийн газар нь огцорч, УИХ нь тараад ард түмнээрээ дүнгээ тавиулах хэрэгтэй. УИХ бол ард түмнээс сонгогддог, Засгийн газрыг УИХ томилдог. Тиймээс ч би УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор энэ гарын үсэг 15 болсон байгаа. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. 
–Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байгууллаа гэж байна. МАН өөрөө төрийн бус байгууллага. Ер нь танай нам дотор жигүүр, холбоо, хороо олон байгаа шүү дээ. Юугаараа ялгаатай юм бэ? 
-Бид цаашид нам болохгүй. Гишүүд дэмжигчиддээ үйлчлээд явна. МАН дотор олон холбоо, хороо, жигүүр байдаг. Тэдний нэгэн адил төрийн бус байгууллага байгуулж, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй байгаа. Бид гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зорилгод нэгдэн ажиллана. 
–МАН сөрөг хүчин байхад та давхар дээлийг эсэргүүцэж байсан. Гэтэл одоо энэ асуудлыг ярихгүй байна. Энэ нь таны ёс зүйтэй хэр нийцэж байгаа юм бэ? 
-Тийм ээ, би олон жагсаал, цуглаан хийж байсан. Давхар дээлийг хязгаарлах, хар машиныг шатаах гэсэн олон асуудлыг тавьж байсан. Давхар дээлийг 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар барьж ажиллаж байсан юм шүү. Ойрын хэдэн жилийн түүхэнд давхар дээл багатай Засгийн газар байсан. Харамсалтай нь жилийн өмнө байгуулагдсан Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байна. Би үүнийг нь эсэргүүцээд асуудал тавиад байгаа юм. Одоо томилоогүй байгаа сайд нарынхаа оронд ч дан дээлтэй сайд тавих шаардлагыг тавьж байсан. Би бас ам.долларын ханшийн өсөлтийг эсэргүүцэж байсан. Өнөөдөр  ам.долларын ханш өссөн учраас Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарт хэлж, сануулсаар байгаа.