Эдийн засгийн өсөлт иргэдэд бодитойгоор тусахгүй байна
2018.12.27

Эдийн засгийн өсөлт иргэдэд бодитойгоор тусахгүй байна

Оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын эдийн засаг 6.4 хувиар өссөн. Гэвч гурван хүн тутмын 1 ядуу амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин төдийлөн буурсангүй гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр /12.27/ сэтгүүлчдэд мэдэгдлээ. 

Тэрээр, иргэдийн амжиргаа тааруу байгаа энэ цаг үед төрийн үйл ажиллагаа тасарч, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлсэнгүй. Тодруулбал, орон нутгийн сургууль цэцэрлэгийн багш, шинжлэх ухааны байгууллагын ажилтны цалин ондоо багтаж нэмэгдэх байв. Гэтэл өнөөдөр гэрээ хэлэлцээрт тусгаж талууд харилцан тохирсон олон ажил биелэлээ олсонгүй. УИХ, Засгийн газар, зарим яамдууд ажлаа хийхгүй байна. Иймээс бид иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг үр дүн гартал шаардах болно гэв. 

Мөн ирэх оны 1 сарын 1-ээс цалинг үе шаттай нэмж 20 хувьд хүргэхээр талууд ярилцсан. Үүнийг эцэслэн батлах хэлэлцээр өнөөдөр эхэлсэн байх учиртай. Гэвч хэлэлцээр эхлээгүй байна. Ирэх оны улсын төсөвт суусан 277 тэрбум төгрөгөөр цалинг боломж бий. Энэ мэт олон асуудлыг бид ярилцаж хамтдаа шийдэл гаргах байтал өнөөдөр төрийн ажил гацаанд орчихлоо хэмээн онцоллоо. 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн 10 сараас эхлэн УИХ, Засгийн газарт хандан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч одоог хүртэл шийдэл гаргаж ажиллаж чадсангүй. Эдийн засаг өссөн ч айл өрх, иргэдийн аж амьдралд бодитоор нөлөөлж чадахгүй байна гэж үзэж 2019 онд дараах 8 чиглэлээр эрх баригчдад шаардлага тавьж ажиллах болно гэсэн юм.

1.

Цалин, бодит орлого нэмэгдээгүй байхад НДШ-ийг нэмэгдүүлсэн асуудлаар иргэд, хөдөлмөрчдөөс олон гомдол санал ирж байгаа тул ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд НДШ-ийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах, тухайн асудулаар ажил олгогчтой нягт хамтран ажиллах 

2.

Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд, шинжлэх ухааны байгууллагуудыг ажилтан, албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх

3.

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх асуудлыг хатуу шахан ажиллах 

4.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр нийгмийн түншлэгч талуудтай хамтарч ажиллах

5.

Бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтийг зохицуулах, шударга үнэ тогтоож тогтворжуулах арга хэмжээ авах замаар иргэдийн бодит худалдан авах чадварыг хамгаалах

6.

Иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, утааг багасгах зорилгоор шинээр баригдаж буй орон сууцны үнийг бууруулах, тогтворжуулах түрээсийн орон сууц, ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ улсын дундаж цалингаас доогуур цалин авч байгаа хүмүүсийг нэн тэргүүнд хамруулах

7.

Ажил хийх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эхчүүд, ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх

8.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль эрх зүйн орчныг сайржуулах, өмнө хүрсэн түвшинг дордуулахгүй байлгах чиглэлээр ажиллах