Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2018 онд экспортлох нүүрсний хэмжээ 18 сая тонн болох төлөвтэй
Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2018 он гарснаас хойш нийт 17.2 сая тонн нүүрс экспортолсон талаар боомтын гаалийн газар мэдээлсэн. 2018 он дуусахад нийт экспорт 18 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа юм байна. БНХАУ-ын тал ухаалаг систем нэвтрүүлж байгаа гэсэн шалтгаанаар татан авалтаа эрс бууруулсан боловч XII сар гарснаас эргэн сэргээсэн. Одоогоор Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт ойролцоогоор 500 орчим машин нүүрс ачин гаргаж байна. Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд энэ боомтоор экспорт хийж байгаа.
Харин Шивээхүрэн-Сэхэ боомтоор 2018 онд 14.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Өдөрт дунджаар 650-750 машин нүүрс гаргаж байгаа. 2018 оны VIII-X сард мөн л БНХАУ-ын тал ухаалаг систем нэвтрүүлж байгаа гэсэн шалтгаанаар татан авалтаа 2-3 дахин бууруулсан гэж боомтын гаалийн газар мэдээлж байсан юм. “Шивээхүрэн-Сэхэ” боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж байгаа “Southgobi Sands”, “МАК”, “Өсөх зоос”, “Шинхуа-мак”, “Жавхлант Орд” ХХК-иас гадна “Терра энержи” нүүрсээ экспортолж байна.