Нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас дээгүүр тавигдах ёсгүй гэв
Өнөөдөр /2019.01.09/ Нийслэлийн Хангарди ордонд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, Монгол улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал н.Мягмаржав болон нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компани, аж ахуйн нэгжүүдийн захирал, төлөөлөл оролцсон уулзалт боллоо.
Уулзалтын үеэр нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.
Тэрбээр “Өнөөдөр бид нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд явж байна. НИТХ-ын 5 удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 16,317 нэгж талбар бүхий 1516,6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар төслийн хүрээнд нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89968 айлын 961 орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн. Тус орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41,5 хувь нь орон сууцанд орох боломжтой” гэв.
Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат “Хөгжлийн банкны зүгээс нийслэл хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож, та бүхэнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна гэдгээ илэрхийлээд Хөгжлийн банкны зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгох санхүүжилт, шалгуур үзүүлэлт болон дэмжлэгийн талаар мэдээлэл хүргэж, цаашдаа гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд зээлийн санхүүжилт олгож ажиллана” гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хотын захиргааны зүгээс Гэр хорооллыг барилгажуулахад баримтлах цаашдын бодлогын талаар хэлэхдээ "Нийслэлээс энэ талаар ямар гарц, шийдэл байж болох вэ гэдгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн түвшинд хэлэлцээд хэд хэдэн шийдвэр гаргасан. Тухайлбал, "Нийслэлийн орон сууц, дэд бүтэц, хот байгуулалтын бодлогын зөвлөл” гэж байгуулахаар өнгөрөгч сард нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол шийдвэр гаргасан. Тус бодлогын зөвлөлөөр хаана, аль төсөл хөтөлбөрийг ямар санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой байна вэ гэдгийг судлах зэрэг бодлогын түвшинд асуудлуудыг шийдэх юм. Мөн өнгөрөгч 11 сард нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн хөрөнгө оруулалт менежментийн компани” байгуулсан. Нийслэл өөрөө төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр төсөв санхүү хязгаарлагдмал. Аж ахуйн нэгж өөрсдөө асуудлаа шийдэх гэхээр эрхзүйн орчин нь тодорхой биш. Тиймээс энэ орон зайг нөхөх зорилгоор “Нийслэлийн хөрөнгө оруулалт менежментийн компани”-г байгуулж захирлуудын хараат бус зөвлөл байгуулж үйл ажиллагаа нь улс төр, цаг үеэс үл хамаарч зах зээлийн зарчмаар хэрэгждэг байдлыг бий болгохыг зорьж байна. Үүний дараа хөрөнгө оруулалтын санг дагуулж байгуулахаар төлөвлөсөн. Сангийн эх үүсвэрийг энэ жилийн санхүүжилтэд таван тэрбум төгрөг суулгасан. Цаашлаад энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зарчмаар шаардлагатай баталгааг нийслэл гаргадаг байхыг зорьж байна. Тухайн төслийн үйл ажиллагаа, төслийн ач холбогдолоос хамаарч баталгаа гаргах ёстой. Хотын хөгжлийн бодлогыг урт хугацаанд тодорхойлохын тулд “Хот төлөвлөлт, судалгааны институт”–ыг байгуулж, үүндээ хот төлөвлөлтөөр гадаад дотоодод мэргэшсэн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хот төлөвлөлтийн асуудлыг дэлхийн жишигт нийцэхүйц хэмжээнд авч үзэх болно” гэв.
Үүний дараагаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа компанийн удирдлагууд хотын удирдлага болон Хөгжлийн банкны захирлуудад хандан сонирхсон асуултандаа хариулт авч, санал солилцлоо. Тэдний хувьд тулгамдсан асуудлын нэг болсон газар чөлөөлөлтийг хэрэгжүүлэхэд зарим айл өрхүүд газраа асар өндөр үнэлээд газраа чөлөөлөхгүй гэдийчихдэг тал бий. Зарим нь бүр дахин төлөвлөлтөд орсон газар дээрээ барилга байгууламж барьж, үнээ өсгөдөг, бусдад зарж борлуулдаг. Үүнээс болоод газраа чөлөөлсөн айлууд буюу нийтийн эрх ашиг хохирч, төсөл зогсоход хүрэх явдал гардаг. Энэ асуудалд нийслэлийн зүгээс анхаарч ажиллаж өгөх, мөн гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төслийн ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж компаниудад татварын болон гаалиар оруулж ирж буй барилгын материалд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг болох зэрэг асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нэг хүний эрх ашгаас болж нийтийн эрх ашиг хөсөрдөх ёсгүй. Хэдийгээр Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хувийн өмчийг хамгаалдаг ч гэсэн нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас дээгүүр тавигдах ёсгүй. Энэ асуудлыг судлан төр засгийн байгууллагын зүгээс холбогдох журмыг боловсруулж ажиллана. Та бүхнээс хүсэх зүйл бол өөрсдийн хамгийн чухал үнэт зүйл болох газраа чөлөөлж олгосон иргэдийг хохироохгүй ажиллах, чанар стандартын шаардлага хангасан орон сууцыг тогтоосон хугацаанд барьж, иргэдэд хүлээлгэн өгөх тал дээр анхаарч ажиллахыг хүсье” гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа компанийн захирлууд, төлөөллийн зүгээс НИТХ, НЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан энэхүү уулзалтыг цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо гэдгийг онцлон илэрхийлж байлаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ