О.Баасанхүү: Улсаа бодоод МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь Их хурлын дарга болох ёстой юм билээ
2019.01.22

О.Баасанхүү: Улсаа бодоод МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь Их хурлын дарга болох ёстой юм билээ

Өдрийн сонин, сэтгүүлч БАЯРХҮҮГИЙН АМАРТҮВШИН

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг баталлаа. Ер нь нэг хүнд зориулж хууль батлах нь хэр зөв бэ. Хуулийг сулруулсан үйлдэл болох биш үү?

-Анх АТГ-ын даргыг сольё гэдгээс л ширүүн юм эхэлсэн л дээ. Ардын намын зүгээс М.Энхболд даргыг огцруулах асуудлыг ярьж эхэлсэн. Тэдний зүгээс Бага хурал, удирдах зөвлөлийн шийдвэрээ гаргасан. УИХ-ын дарга чөлөөлөгдөх таван үндэслэл байдаг. Нэг нь сайн дураараа чөлөөлөгдөх. Үлдсэн дөрөв нь ямар нэг шалтгаан өгсөн байх ёстой. Гэтэл чөлөөлөгдөх ёстой хүн нь өөрөө чөлөөлөгдөөгүй. Улмаар 38-аас дээш гишүүн УИХ-ын даргаа хүлээн зөвшөөрөхгүй бол дарга байх ёсгүй гэх асуудал тавьсан. Зөвшөөрөхгүй байгаа гэдэг нь хангалттай биш. Тиймээс тогтоол бичихдээ шалтгаан бичих ёстой. Тэндээ бидэнд таалагдахгүй байна гэж бичих юм уу, хууль зөрчсөн гэх юм уу. Үндсэн хуульд гагцхүү хуулинд үндэслэж огцруулна гэж байгаа шүү дээ. Тийм учраас та нар хуулиа бичээч ээ гэдэг асуудал тавьсан. Ерөнхийлөгч хуулийг бичсэн нь л энэ. Тэгээд Ардын намынхан баталж байна. М.Энхболд байна уу, У.Хүрэлсүх байна уу хамаагүй. Хууль ямар байх ёстой вэ гэдгийг ярих цаг болжээ. Үндсэн хууль гэж бий. Салбарын хууль гэж байна. Хуулийн дор улс төр хийх ёстой болохоос, хуулийн дээр улс төр байна гэх ойлголт байх ёсгүй. Хуульд нийцсэн л улс төр хийх ёстой. Тэгж байж бид нийгэмд зөв жишиг тогтооно.

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн утга агуулгыг хуульч хүнийхээ хувьд та хэрхэн харж байна вэ?

-Их л тааруухан хууль орж ирсэн. Захын бакалавр цолтой хуульч нар хэлээд өгчихнө. Энэ хуулийг батлахаас өөр гарц байгаагүй учраас баталлаа гэж хараад байна.

-Уг хуулийг чуулганы танхимд хэлэлцэж байх үед Ж.Батзандан гишүүн “Хувьсгалын үед хуулиар яах юм бэ” гэсэн. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Хувьсгал 90 онд дууссан. Дэглэмийг өөрчлөх гэж хувьсгал хийдэг юм. Одоо бид хувьсгал хийнэ гэвэл өөр дэглэм рүү орохоос өөр арга байхгүй шүү дээ. Тоталитар юм уу, фашист юм уу. Миний хувьд ардчиллаас өөр дэглэм байхгүй. Ардчиллыг хэтрүүлбэл анархизм болно. Бид одоо хувьсгал биш, хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, хууль тогтоох байгууллагыг боловсронгуй болгох, хулгай зэлгий хийсэн этгээдүүдийг багаас нь их рүү, ихээс нь бага руу гэж ялгахгүйгээр бүгдэд нь хариуцлага үүрүүлэх ёстой болж байна. Үүнийг хийх гэж байгаа бол гагцхүү хуульд нийцсэн байх ёстой.

-УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар өөрчлөлтийг авчирч чадах уу?

-Сайн мэдэхгүй байна. МАН-ын 65 гишүүн хүнээ тавина шүү дээ. Магадгүй парламент тарах нь зөв байх. Улсаа бодоод МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь их хурлын дарга болох ёстой юм билээ. Яагаад гэвэл Ардчилсан нам, Ардын нам хуваагдчихсан байгаа. Хэн нь ч гарсан бай нөгөө тал нь төрийн эрх мэдлийг барьцаалаад өшөө авалт гэдэг ч юм уу, бойкотлоод ажил хийхгүй. Харин би аль нэг талд нь орж, барьцаалагдсан юм алга. Өнөөдөр парламентын спикер давуу эрхтэй биш байж болно. Тэгвэл хэн дараагийн дарга вэ гэдэг хамгийн чухал. Өнөөдөр 39 буюу түүнээс дээш гишүүнтэй нам Засгийг байгуулах эрхтэй. Харин МАН 65-уулаа байна шүү дээ. Гэхдээ хуваагдчихаад байна. Тэгэхээр тэднийг сольж, оронд нь шинэ улс төрийн хүчин гарч ирж, Засгийн газраа байгуулж байж, цааш явна. Тэрнээс нэг хүний хүссэн эрх мэдлийг нөгөө хүний хүссэн эрх мэдлээр солих биш. МАНАН бүлэг гэж бий. Олон жил боллоо, үндэслэлгүйгээр хөрөнгөжлөө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2020 оны сонгуулиар бид сонголтоо зөв хийгээд, цэвэрхэн бохирдоогүй хүмүүсийн нэгдлийг авчирч байж үүнийг устгана. Тэрнээс Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин гэх хүмүүсийг дарга болговол, АТГ-ын даргыг солиод эх захгүй юм болно.

-УИХ-ыг тараах бичигт Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нарын гишүүд нар гарын үсэг зурлаа. УИХ тарах нь зөв үү?

-Сөрөг хүчний хүсэлтэд эрх баригч нар гарын үсэг зурж байна. Би зурсан ч, зурахгүй байсан ч чанарын ялгаагүй. Яагаад гэвэл эцсийн шийдвэрийг ард түмэн МАН-ын 65 гишүүнд өгсөн. Тиймээс тэд хэд хэдэн ажлыг хийх хэрэгтэй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Таван толгой, Оюу толгойг хөдөлгөх, гэмт хэрэг хийсэн хүмүүстээ хариуцлага тооцох гэх мэт. Чадахгүй бол та нар зайгаа тавиад өг. У.Хүрэлсүх өнөөдөр мэдэгдэл гаргаад, МАН бага хурал, удирдах зөвлөлөө хуралдуулж, УИХ-ыг тараах шийдвэр гаргаж тогтоолын төсөл оруулж ирвэл би гарын үсэг зурж болно. Тэрнээс доор байгаа бичигт гарын үсэг зурсан 11 гишүүн дээр нэмээд би зурахаар ард түмнийг хуурсан үйлдэл болно. Яагаад гэвэл шийдвэр гаргах эрх нөгөө хэдэд бий.

-УИХ 40 гаруй хоног тасалдлаа. Ирэх сарын 5-нд завсарлана. Хэлэлцэх асуудал зөндөө үлдсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хуультай юм чинь хуулиа дагахаас өөр арга байхгүй. Дараа нь ээлжит бус хуралдаан зарлаж болно. Хэний буруугаас болж ийм нөхцөл үүсэв гэдэг асуудлын гол нь. Өнөөдөр шийдэх ёстой маш олон хууль дүрмүүд байна. Утааг, өр зээлээ хар. Өнөөдөр орд газруудын тухай ярьж байна. Орд газруудыг хурааж авах нь гоё уу, орд газруудыг хурааж аваад яаж нийгмийн баялаг болгох тухай хуулийг батлах нь зөв үү. Хуулиа баталчихаад орд газруудаа ав л даа. Хуулиа батлаагүй байж өөрсдийгөө улам өрөнд оруулах юм. Нөгөөдүүл нь бас тэнэг хүмүүс биш. Олон улсын шүүхээр явна. Монголоо албаар өрөнд хийх сонирхол эд нарт байна. Геополитик талаас нь хараад үзье. Хойд Солонгос өнөөдөр цөмийн хог хаягдлаа хаана булах вэ. Орос, Хятад хоёр нийлээд Монголд булъя гэсэн НҮБ-ын тогтоол гарвал яана. Энэ талаар судалгаа хүртэл явж байна шүү дээ. Өнөөдөр бид нэг зам нэг бүс гэж ярьж байна. Их л гоё юм шиг. Гэтэл бидэнд олон улсын стандартад хийчихсэн юм алга. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад орох ёстой гэж Засгийн газар, гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь хүртэл ярьж байна. Тэнд орсноор Европын холбоо шиг хил хязгааргүй болъё гэх тогтоол гарвал яах вэ. Төрд ажиллаж байгаа бол юмыг олон талаас нь харах хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсыг тусгаар тогтносон, бүрэн эрхт, бүгд найрамдах байлгахын төлөө бид тэмцэх үүрэгтэй хүмүүс.

Өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр нэг нь эсрэг, нөгөө хоёр нь нэг тал болчихсон байна. Одоо хүн солигдвол гурвуулаа нэг тал болно. Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр юу батлагдах нь төрийн нууц. Бид нар мэдэхгүй. Тэгэхээр бүх юмыг сайн бодох хэрэгтэй. Сөрөг хүчнээс дараагийн УИХ-ын даргыг тавих нь зөв. Тэгэхгүй бол дэндүү үнэмлэхүй байна.

-Ашигт малтмалын татварын тухай хууль дуншсаар байна...

-Байгалийн баялгийг ард түмэнд өгөх ёстой. Тухайлбал, Засгийн газарт алтны татварыг 2.5 хувь болгооч ээ гэж бичиг өгсөн. Тэгвэл яаж байгалийн баялгаа ард түмэнд өгөх юм бэ. Чуулганаар хэлэлцсэн бол би хэлэх гэж байсан юм. Түр хойшлууллаа. Ард түмнийг унтуулж мартуулж байгаад татварыг буулгах байх. Газрын доор баялаг бий. Мөнгө төлж байж тэр баялгийг гаргана. Зардал гаргаад цаана нь ашиг үлдэнэ. Баялгийг гаргаж байгаа зардал ямар ч өртөггүй. Тэгвэл ашгийн чинь 70-80 хувийг ард түмэндээ өгье. Хуулиа эхлээд батал. Баталсныхаа дараа хүссэн ордоо нийгэмчил. Монгол Улсыг Украины араас оруулах сонирхол Сорсын хэдэн гөлөгнүүдэд байгаа шүү. Дэлхий нийт Соросоос айж байна. Сорсыг Орос хуулиар хориглосон. Манайхан Унгар руу баахан хүүхдүүдээ сургаа биз дээ. Энэ нөхдүүд чинь Либерал гэдэг нэртэй хүчгүй төр үүсгэх сонирхол бий болгосон. Явсаар байгаад өнөөдөр энэ тал руугаа орж байна.

-ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулъя гэсэн ч УИХ дэмжсэнгүй. ЖДҮ-тэй холбоотойгоор 23 гишүүнийг эргүүлэн татах тухай яригдаад байгаа. Энэ тухайд?

-23 гишүүний эрхийг эргүүлэн татах юм бол парламент тарна. Тэгэхээр зайлшгүй түр хороо гарч ирж дүгнэлт өгөхгүй бол болохгүй. Энэ дүгнэлтээр албан тушаалын байдлаа ашигласан юм уу, иргэдэд өгөх мөнгө мөн үү гэдгийг шийднэ. Бид зээлийн тухай биш, гэмт хэргийн тухай ярьж байна. Хуулийн байгууллага парламентыг тарчих вий гэж айх ёсгүй. Тарах уу, үгүй юу гэдэг парламентын асуудал. Шалгах нь хуулийн байгууллагынх. Хуулийн байгууллага нь ороод ирэхээр парламентыг тараах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэгтэн юм шиг сурталчилж болохгүй. Гэмт хэрэг хийхээ л больчих. Хуулийн байгууллага өнөөдөр миний талаар ийм зүйл ярьсан бол би эрхээсээ түдгэлзлээ. Цэвэр, шударга гэдгээ нотлоод орж ирнэ шүү. Хуулийн байгууллага үндэслэлгүй түдгэлзүүлснээс болж гарз хохирол гарах юм бол би ял авахгүй, хуулийн байгууллага миний хохирлыг барагдуулах ёстой шүү гэж хэлээд л түдгэлзчихмээр санагдаад байгаа юм.

-М.Энхболдыг унагаснаар МАНАН арилна гэж түүнийг эсэргүүцэж буй гишүүд хэлж байгаа. Үнэхээр тийм зүйл болох уу?

-Манай улс төрд хоёр нярав байдаг юм. М.Энхболд, З.Энхболд. Нярвууд бүртгэл сайтай. Тэр бүртгэлд нь заримдаа эвгүй юм бүртгэгдчихдэг. Бүртгэлээс нь хамаараад тэр хүний өмнө бөхийж амьдардаг хүмүүс байна л даа. Сайн байна уу, дарга аа, Уучлаарай, та мундаг гээд л явдаг. Өнөөдөр нэг бүртгэлийн системээсээ салах гээд л үйлээ үзээд л явж байгаа шүү дээ. М.Энхболд гэсэн бүртгэлийн системд маш олон хүмүүс бий. Тухайлбал, чуулганаар би чамд газар өгсөн, чи тэр үед газар авч байсан гээд л ярьж байгаа биз дээ. Энэ хүн айхавтар улстөрч, удирдагч гэхээсээ илүү сайн нярав хүн. Бүртгээд л сууж байдаг. МАНАН бүлэг, Шударга бусын хонгил байгаа. МАНАН бүлэг улам сууриа бэхжүүлж, хүнээ солих гэж байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг 15 жил муулж, гүтгэн, доромжилсон. Оймстой нь бариад явсан. Зөвхөн тэр хүнд зориулж долдугаар сарын 1-ний жагсаалыг хийсэн. Зөвхөн тэр хүнийг унагах гэж таван хүнийг буудсан. Тэрээр эцэст нь унасан. МАНАН бүлэг улам бэхэжсэн. Ард түмэн цус үзэхгүй бол тайвшрахгүй гэдэг шиг нэг хүнийг явуулах хэрэгтэй болжээ.

-Шийдэл нь юу вэ?

-МАНАН бүлгийг бөөнөөр нь улс төрөөс явуулах ёстой. Тэгэхийн тулд Цүнх барьдаг паразитуудаас нь эхлэх ёстой. Тэд нарыг сүлжээгүй, харилцаа холбоогүй болгох ёстой. Ингэхийн тулд нэгдүгээрт, дахин засаглалын хуваарилалт хийх. Хоёрдугаарт, Сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Засаглалын дахин хуваарилалт хийхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хуулиа өөрчлөх нь гол. У.Хүрэлсүх МАНАН бүлэгтэй тэмцэхгүй байна. Тэмцэхгүй байгаа учраас Үндсэн хуулийн тухай, Улс төрийн намын тухай хууль ярихгүй байна. 40-үүлээ нийлээд хууль баталж болж байгаа юм чинь 40-үүлээ нийлээд энэ хуулиудыг оруулаад ир л дээ. Батлаад өгье л дөө. Дараагийн хүн нь МАНАН бүлгийг хурдан нураагаасай билээ. Эд нарт хугацаа алга л даа.

Н.Энхбаяр гэдэг хүн нэг голын усанд хоёр сэлэхгүй гэдгээ ойлгоод цорын ганц суудал авчирсан гишүүндээ туг, тамгаа өгөх хэрэгтэй. Бидний үеийн маш олон сайхан хүмүүс байна. Тэдэнд нэг л сул тал байгаа. Мөнгө төгрөг жаахан тааруу. Манай хүнд энд тэндээс хулгайлсан мөнгө төгрөг байвал тэрүүгээрээ санхүүжүүлээд зөв хүмүүсийг гаргаад ир. Өөрөө ил гарах биш. Тэгэхгүй өөрийгөө магтуулах сүлжээ гаргаад байдаг. Яриад байдаг хүмүүс нь дандаа хулгайч.

Хүн хэлмэгдэнэ гэдэг чинь хэцүү. 60 тэрбумтай тэмцэх хэрэгтэй. МАН-ын санхүүг шалгах хэрэгтэй. Шалгаад л тэр мөнгө өгсөн хүмүүсийг нь гаргаад тавья л даа. Тэр дотор нь М.Энхболд орсон байна уу. Тэрнээс биш байшин дотор ярьсан яриаг аймшигтай гэмт хэрэг гэж үзэх нь утгагүй. Байшин дотор байтугай утсаар намайг ална гэж сүрдүүлж байгаа хүмүүс байна, төлбөртэй. Өнөөдөр нэг нөхөр намайг ална гэж бичлэгээр сүрдүүлж байна.

-Ямар бичлэг?

-Фэйсбүүкээр ирсэн. Чамайг ална гэж хүртэл дайрсан. Надтай үзэлцэнэ гээд л байгаа.

-Юунаас болж тийм бичлэг явуулсан юм бол?

-МАНАН бүлгийн хамгаалагч гээд байгаа. Би ямар юмных нь хамгаалагч байх вэ дээ. Жинхэнэ хамгаалагч нар чинь эд нар. МАНАН бүлэгтэй эд нар тэмцэхгүй ээ. Хулгайчууд хувьсгал хийхгүй шүү дээ. Хулгайч нарынхаа тоог цөөлье гэж Баабар гуайн хэлсэн үнэн. Ажлаа өөр хүнд ч өгөхгүй өөрсдөө ч ажлаа хийхгүй хуучирсан пянзнууд хувьсгал хийх гээд байгаа нь надад таалагдахгүй байгаа. Оюу толгойн асуудал яриад байсан хаана байна. Том бүлэглэлүүд зохион байгуулалттай хооронд нь алалцуулаад байна. Хэн нэр хүнд муутай байна тэр хүндээ нэр хоч өгөөд л хэн ч биш болгож байна. Өнөөдөр У.Хүрэлсүх хувьсгал хийж, шударга ёсны сэлэм гаргахыг хүсч байгаа бол хуулиуд оруулаад ир. Хуулиудаа хараад ярья. Жүжиг л тоглоод байх юм. Эрх мэдлээ авчихсан юм чинь ажиллаад өгөөч ээ. Шударга ёсныхоо сэлмийг хоёр талд гаргаад цавчаад өгөөч. Юу саад болоод байгаа юм. Өнөөдрийн дотор өөрчлөлт хийе гэж бодож байвал хуулиудаа батал.