Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ
2019.02.15

Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ

Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна.

Монгол Улсын Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Энэ үүднээс үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэж хэллээ.

Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор дээрх мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна. Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөжээ. 

“Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.