“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.
2019-2023 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт 148 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд туслаж, хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх юм.
Засгийн газар иргэдээ эрүүл, баталгаатай хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөр болон “Гурван тулгуурт бодлого”-доо тусгасан.
Энэ хүрээнд эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ тогтвортой, хүртээмжтэй хангах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боломжит нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын чиг баримжаатай хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэхээр “Эрүүл хүнс-“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулан баталлаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр:
- Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдал хангагдана
- Хүн амын хүнсний шим тэжээллэг чанар сайжирна
- Хүнсний сүлжээний бүх шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдана
- Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадвар дээшилж, экспортын баримжаатай хөгжих нөхцөл бүрдэнэ
- Экспортын хэмжээ нэмэгдэнэ
- Хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бий болно
- Хоол хүнснээс хамааралтай хордлого, өвчлөл буурна гэж үзэж байна.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” дэд хөтөлбөрийг орон нутгийнхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэх юм.