Улсын аварга малчдад шагналыг нь гардууллаа
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн малчин Шинэнгийн Тогтохбаатарт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр "Улсын аварга малчин" цол олгожээ.
Ш.Тогтохбаатар гэргий Э.Дэнсмаагийн хамт 36 жил хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэж, халуун хошуут малынхаа буян, ашиг шимийг хүртэн төр, түмэндээ нэр хүндтэй ажиллаж, амьдарч явна. Тэрбээр 2018 онд 1215 толгой мал тоолуулжээ. “Өнгөрсөн жил Өлзийтөд цас их унаж зудын байдалтай өвөлжсөн. Энэ жил цасгүй, цаг дулаан байгаа ч хавар яахыг хэлж мэдэхгүй нь" хэмээн хаширлаж суугаа аварга малчин маань “Малаа сайн маллаж чадвал арвай буудай шиг л үрждэг сайхан шүү дээ. Гэхдээ одоо тоог биш чанарыг харж, эдийн засгийн ухаантай амьдрах ёстой” хэмээн санал бодлоо ярилаа. Тэднийх жил бүр аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцдог ба 2013 онд “Улсын брэнд айраг” өргөмжлөл авч байжээ. 2007 онд “Сумын сайн малчин”, 2015 онд “Аймгийн аварга малчин”, 2015 оноос “Мянгат малчин” гэх алдар цолыг хүртжээ. Аваргын шагналыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг болон аймгийн Засаг дарга Г.Ганболд, сумын удирдлагууд хотонд нь очиж гардууллаа.
38 настай залуу “Улсын аварга малчин” боллоо
Өвөрхангай аймгаас энэ жил “Улсын аварга малчин” найм төрсний нэг нь Гучин-Ус сумын 3 дугаар багийн малчин Рэнцэндондовын Бямбасүрэнгийнх юм.
Сумынхаа “Ягаан тээгийн бууц” хэмээх газар өвөлжиж байгаа малчныд шагналыг нь гардуулахаар очиход ах дүүс, нутгийн зон олон өргөнөөр цугласан байлаа. 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүү Р.Бямбасүрэн энэ жил 38 настай бөгөөд мал аж ахуйн салбарт 22 жил ажиллан энэхүү алдар хүндтэй цолны эзэн болжээ.
Малынхаа үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг аваргынх аймагтаа 12 жил дараалан мянгат малчин болсон бөгөөд 2018 онд 1140 толгой мал тоолуулсны тал хувийг хонин сүрэг эзэлж байна.
Р.Бямбасүрэн мал сүрэгт шаардагдах тэжээлийг хангалттай нөөцлөн авч, отор нүүдлийг оновчтой хийснээр байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд зүдрэлгүй даван туулдаг болохыг сумын удирдлагууд онцоллоо. Өнгөрсөн намар тэднийх хадлан 11 тонн, гар тэжээл 6 тонн, хужир шүү 6 тонныг өөрсдийн хүчээр бэлтгэн нөөцөлжээ.
Д.Баярттогтох малынхаа тоогоор 10 гаруй жил аймагтаа тэргүүлж байна
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн малчин Дуламын Баяртогтохынх аймагтаа хамгийн олон мал тоолуулжээ. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 1118 толгой мал тоолуулснаас 449 нь тэмээ байна.
Түүний тэмээн сүргийн тоо толгойг тогтвортой өсгөж, малч ухаан, туршлагаараа түмэн олноо манлайлсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, энэ жил “Улсын аварга малчин” цолоор шагнасан бөгөөд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг болон аймгийн удирдлагууд шагналыг гардуулан өглөө.
Аваргынх хос зогдорт болон галбын улаан тэмээгээр сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулсны үр дүнд ашиг шимийн үзүүлэлт нь жил бүр нэмэгдэж, сүүлийн 10 жилийн турш тэмээгээрээ аймаг, орон нутагт тэргүүлж байгаа ба 2010 онд “Аймгийн алдарт уяач”, 2011 онд “Аймгийн сайн малчин”, 2013 онд “Алтан ботгоны эзэн”, 2015 онд “Аймгийн манлай малчин” болжээ.
Тэрбээр “Малын тэр дундаа тэмээний ашиг шим их шүү дээ. Ноосны үнэ өнгөрсөн жил өмнөхөөс бараг гурав дахин өндөр болж ханш өссөн нь амьдралд нэмэртэй сайхан байлаа. Тэмээ ноослох амаргүй ч амьтан ах дүүсийн хүчээр хийчихдэг юм. Туслуулаад ажлын хөлсийг нь өгчихдөг болохоор хүмүүс ч дуртай байдаг. Өмнө нь тэмээний ноосыг эр, эмээр нь ангилж авдаг байсан. Одоо бол торомныхыг л тусад нь авахаас бусдыг нь ялгахаа больсон” гэв.
Д.Баяртогтох мал сүргээ онд мэнд оруулахын тулд хадлан, гар тэжээл, хужир шүү бэлдэх, худгаа лайдаж ус гаргах гээд хөдөлмөр зүтгэлээрээ бусдыг манлайлж, сумаас зохион байгуулсан ажилд ч идэвхи санаачилгатай оролцдог аж.