Мэргэжлийн боловсрол сургалтын салбарынхан чуулав
2019.02.18

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарынхан чуулав

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг удирдаж байгаа Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн “Холлидэй ин” зочид буудлын хурлын танхимд болж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургалтын байгууллагын захирал удирдлагууд, ХНХЯ болон холбогдох байгууллагынхан оролцож  салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд бодлого, зорилтоо танилцуулан, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов.

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, Политехник коллежид 37039 суралцагч суралцаж, 4624 багш, ажилтан ажиллаж байгаа юм.

Зөвлөгөөний нээлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зонхилох мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоотойгоор чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, агуулгын залгамж, уялдаа холбоо, үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг сайжруулах, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааны чанарын баталгаажуулалт, хяналтыг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болон бүсийн арга зүйн төвүүдийг чадавхижуулах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлж байгааг дурдаад зарим үр дүнгээс онцлон танилцуулсан. Тухайлбал, багш нарыг сургалтад хамруулан чадавхижуулахаас гадна цалин, урамшууллыг нь нэмэгдүүлэн, ажиллах орчин нөхцөлд анхаарч улирлын ажлын үр дүнг үндэслэн МСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчид цалингийн 5 хүртэлх хувийн урамшуулал авч байсныг 10 хувь болгон нэмэгдүүлсэн.   

Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн Засгийн газрын тогтоол гаргуулснаар МСҮТ, Политехник коллежийн захирал, багш болон ажиллагчдын цалин хөлсийг 2018, 2019 оны нийт 3 удаагийн арга хэмжээний үр дүнгээр 30.8 хувиар нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн багш нарыг бэлтгэх, давтан сургах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор “багшийг компьютержүүлэх” арга хэмжээг авахаар нийт 2,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн зэрэг мэдээллийг өгсөн С.Чинзориг сайд “МСҮТ, Политехник коллежийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох тухай журам”-ыг Засгийн газрын 12 дугаар тогтоолоор батлуулж тэтгэлэг нь суралцагчдын дансанд цахимаар шууд орох зохицуулалтыг хийж байна. Тиймээс сургалтын байгууллагын удирдлагууд суралцагчийн тоогоо бодитой, үнэн зөв гаргах асуудалд анхаарч ажиллах шаардлагатай” хэмээсэн. Мөн сайд сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс харахад дунджаар нийт төгсөгчдийн 50-53 хувь нь ажлын байранд шууд зуучлагдаж байгааг дурдаад төгсөгчдийг ажлын байртай холбох асуудалд захирал, удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

2019 онд МБС-ын салбар дараах зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгож ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:

               1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн ажиллах хүчнийг бэлтгэх, албан бусаар мэргэжил, ур чадварыг үнэлэх, чадамжид суурилсан сургалт, үнэлгээг сайжруулахмэргэшлийн үндэсний хүрээг нийгэм, эдийн засгийн бүх салбарт бий болгон мэргэшил, ур чадварыг үнэлэх чадавхийг бүрдүүлэх;

               2. Мэргэжлийн боловсрол, сургалтын чадамжид суурилсан сургалт, үнэлгээг хөгжүүлэх, чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэлийг боловсронгуй болгож, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргах;

               3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага өөрийн үйл ажиллагааны орлого олох, зарцуулах боломжийг өргөжүүлэх;

4. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор  “МБС-ын салбарын багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх;

5. МБС-ын түншлэлийг шинэ шатанд гаргаж, үндэсний болон салбарын зөвлөл, сургалтын байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, үр нөлөөг дээшлүүлэх;

6. МБС-ын бүсийн арга зүйн төвийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг багтаж буй юм.Зөвлөгөөнд оролцож буй захирал удирдлагууд Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого, үйл ажиллагаа, багшийн хөгжил, сургалтын бодлого төлөвлөлт, чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэлийн талаар болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2019-2020 оны хөтөлбөрүүд, төсөв санхүүгийн анхаарах асуудлууд, цалин хөлсний тогтолцооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, хууль эрх зүйн шинэчлэл зэрэг олон сэдвээр мэдээлэл сонсч, санал бодлоо солилцсон.