Д.Оюунхорол: Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий
Тендерийн тухай хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Засгийн газар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарласантай холбоотойгоор энэхүү хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа ба тендерийн шалгаруулалтад авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд уг хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгэх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг хэмээгдээд буй Тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодруулга авлаа.
-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд нэмэлтээр оруулж буй гол өөрчлөлт юу вэ?
-Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байгаа. Манай ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд нэмж тусгах олон асуудал байна гэж үзсэн.
Харамсалтай нь өргөн барьсан төслөөс гадуурх зохицуулалтуудыг нэмж оруулах боломжгүй учраас шинэчилсэн найруулгын хэмжээнд ярилцах шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн төслийг Засгийн газарт буцааж шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсруулан оруулж ирэхийг шаардах, эсвэл УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барих гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгоно гэсэн бодолтой байна.
Жишээлэхэд, Тендер хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн яаж хариуцлага тооцдог байх нь тодорхойгүй байна. Зөрчлийн тухай хуулиас тендерийн сонгон шалгаруулалтын зөрчлийг аваад хаячихсан. Энэ мэт алдаа байгаа учраас засч залруулах шаардлагатай байна.
Мөн бага үнийн саналаар тендерийг сонгон шалгаруулдаг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, ТЭЗҮ-ээ боловсруулсан, тухайн ажлыг үнэхээр хийх чадвартай багт нь өгдөг байх ёстой. Гэтэл үүнийг хэвээр хадгалахаар хуулийн төслөө оруулж ирсэн. Бид үүнийг зөвшөөрөхгүй.
Тендертэй холбоотой хардлага нийгэмд маш их бий. Үүний цаана авлигал байна гэж үздэг. Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болсон. Энэ компани ямар ч ажил хийхгүй дундаас нь хувь аваад суудаг. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжид нь болоод тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь л очдог. Гэтэл компани өөрөө бас ашиг олох хэрэгтэй болно. Ингэхээр төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй урсч, бүтээн байгуулалтын ажил чанаргүй болж байна.
-Хуулийн төсөлд яригдаж байгаа “Тендерт ялагдсан аж ахуйн нэгжээс үндэслэлгүй гомдол хүлээж авахаа болино” гэдэг нь хууль бусаар сонгон шалгаруулсан тендерээ цааш нь явуулах арга гэх хардлага үүсгэж байгаад тайлбар өгөхгүй юу?
-Шууд ингэж ойлгож болохгүй. Тендерийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Зарим оролцогч нь тухайн тендерээ хүчингүй болгох зорилгоор гомдол гаргаад орхичихдог тухай ярьж байгаа. Тиймээс аль аль талийг нь хариуцлагажуулахын тулд энэ заалтыг оруулсан гэж ойлгосон.
Томоохон аж ахуйн нэгжүүдийг шантаажилж, авлига авахын тулд гомдол гаргадаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тендерийн хуульд өмнө нь 23 удаа өөрчлөлт оруулж байсан. Одоо 24 дэх удаагаа өөрчлөлт оруулах гэж байгаа хэрнээ үндсэн агуулгыг нь өөрчлөхгүй гээд сууж байгаа учраас ажлын хэсэг хариуцлагатай хандана.
-Салбарын яамдуудад тендер зохион байгуулах нь буруу гэсэн шүүмжлэл байдаг. Үүнийг хуулийн төсөлд яаж тусгасан бэ?
-Яамдууд тендер зохион байгуулж байгаа нь буруу гэж үздэг. Өмнө нь тендер хариуцсан агентлагтай байсан. Гэвч энэ агентлагийг л татан буулгачихвал бүх тендер тойрсон асуудал байхгүй болох юм шиг ойлгоод татан буулгаж яамдуудад нь хариуцуулсан. Энэ нь алдаа болсон. Тиймээс үүнийг төрийн захиргааны байгууллага нь дагнаж гүйцэтгэх нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа.
-Худалдан авах ажиллагааны газрыг дахиж байгуулах уу?
-Тэгэж ойлгож болно. Гэхдээ одоогоор шийдсэн зүйл алга.